Тэдний хамт олон нь хамгийн сүүлд уул уурхайн бүс нутагт, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон “Оюу толгой”-н төслийг түшиглэн хөгжиж буй Өмнөговь аймгийн Ханбогд сумд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Говийн бүсийн тэгш, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих “УХААЛАГ ЗАГВАР СУМ”-ын жишгээр төлөвлөж дуусгаад байгаа юм байна. Үүний үр дүнд буюу “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ын бодлогын баримт бичигт үндэслэн Засгийн газар “Оюутолгой” компанитай 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж чадсан гэдгийг юун түрүүнд тодотгомоор байна. Түүнээс гадна тус группийн чадварлаг мэргэжилтнүүд бидний сайн мэдэх “Е-НОМЫН САН” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
“ЭНЭ БҮХ АЖИЛ НЬ НАДАД МАШ ТОМ ТУРШЛАГА БОЛСОН” гэж даруухан өгүүлэх “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн Захирал М.Уянгатай бид ярилцсан бөгөөд өрсөлдөгчийнх нь талаар асуухад тэрээр өөрийн шилдэг хамтрагчдыг онцолсон юм.
–Юуны өмнө завгүй их ажлынхаа хажуугаар бидний урилгыг хүлээн авсан Танд баярлалаа. Сүүлийн үед ямар ажлууд дээр төвлөрч байна вэ?
Мөрөөдлөө бодит болгоод удирдсан байгууллага маань энэ жил 15 нас хүрч байна. Хэдийгээр аливаа байгууллагыг оршин тогтноход тоо бол ач холбогдол багатай ч бидний хувьд 15 жилийн ойн босгон дээрээ өнгөрсөн жилүүдийн алдаа оноо, ололт амжилтаа дэнсэлж, стратеги төлөвлөгөөгөө шинэчлэхээс эхлээд үйл ажиллагааны чиглэл, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэх зэрэг цар хүрээгээ тэлэх бодлого, төлөвлөлт дээрээ ажиллаж байна.
“АЛИВАА АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭД СУДАЛГАА, БЭЛТГЭЛ АЖИЛ БОЛ МАШ ЧУХАЛ.
ҮҮНИЙ ДАРАА Л ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ”
–Нэгэнт компанийн тухай ярьж эхэлснийх анх компаниа байгуулсан түүхээсээ хуваалцахгүй юу?
Анх 2007 онд компаниа гэнэн томоогүй бага залуу насны мөрөөдлөөр гэх үү дээ сэтгэлийн хөөрлөөр шахуу байгуулчихсан юм. Гадаадын зураг төслийн компаниудын түүхийг судалж үзээд ийм түүхтэй, нэр хүндтэй зураг төслийн компани нь Монгол Улсад яагаад байж болохгүй гэж зориглоод эхэлж байлаа. Гарааны бизнес хэрхэн эхэлдэг, яг л тэр замаар түрээсийн жижигхэн өрөөнөөс өөрийнхөө нэг ширхэг зөөврийн компьютер, нэг архитектортай, зээлийн нэг ширхэг компьютертойгоор эхэлсэн түүхтэй. Ажил, амьдралын туршлага бага байсан учир компаниа байгуулах үедээ компанийн систем, менежмент, стратеги бодлого, зах зээлийн талаар мэдлэг ойлголт дутмаг. Энэ талаар сайн мэддэггүй байв. Тиймээс явцын дунд судалж, суралцаж, хөгжүүлсэн. Харин одоо эргээд харахад дээрх бүгдэд алхам алхмаар суралцаж, бий болгосон ч гэлээ алсын хараагаа зөв тодорхойлсон байжээ гэж хардаг. Шинжлэх ухаанч бусаар өөртөө 3 зорилго тавьчхаад зорилгодоо хүрэхийг хичээж ажилласаар, нэг л мэдэхэд 7 жил, 10 жил хэдийнээ өнгөрсөн байсан.
-Та сая алсын хараагаа зөв тодорхойлсон байсан гэж хэллээ. Хэрхэн тодорхойлсон байсан бэ?
Монголдоо төдийгүй, олон улсад үнэлэгдэх чадварлаг мэргэжилтнүүдтэй, чанартай зураг төсөл боловсруулдаг компани байна л гэж харж байсан. Компанийнхаа хөгжлийг харахад ес дэх жилээсээ алсын хараандаа хэрхэн хүрэх талаар анхаарч стратегийн бодлого, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж, төлөвлөж эхэлсэн байдаг. 2016 онд Зөвлөх үйлчилгээний нэр бүхий компанитай хамтран анх компаниа байгуулахдаа тодорхойлсон Алсын хараандаа хүрэх Эрхэм зорилго болон Стратегийн зорилго, зорилтоо тодорхойлоод саяхныг хүртэл төлөвлөлтийнхөө дагуу хэрэгжүүлж ажилласан.
–Тэгэхээр компанийнхаа цаашдын стратеги төлөвлөлтөө, хэрхэн, яаж тодорхойлж байна бэ?
Гадаад, дотоод нөхцөл байдал сүүлийн жилүүдэд их өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад бизнесүүд цаг үетэйгээ нийцүүлэн, стратегиа өөрчлөх хэрэгцээ, шаардлага үүсэж байна гэж хараад байна. Ковидын дараа дотоод гэлтгүй Дэлхий нийтэд олон өөрчлөлтүүд гарч байна шүү дээ. Үүнтэй уялдуулан бид Эрхэм зорилго, Стратегийн бодлого, чиглэлээ өөрчилж байна. Дахин Ковид шиг цар тахал дэгдвэл хэрхэн ажиллах, эрсдэлийн үнэлгээгээ хийх, стратеги төлөвлөлтөө үйл ажиллагааныхаа төлөвлөгөөтэйгөө уялдуулах зэрэг шаардлагууд тулгарч байна. Тиймээс эхнээс нь макро-эдийн засаг, зах зээл, өрсөлдөгч, цаашлаад олон улсын зураг төслийн салбарын хөгжил, чиглэлийн талаарх нарийвчилсан судалгааг хийж, компанийнхаа хөгжлийн үнэлгээг хамт гүйцэтгээд байгаа юм. Одоо бид судалгааныхаа үр дүнг цогцоор нь уялдуулж дунд, урт хугацааны стратеги төлөвлөлт дээрээ ажиллаж байна. Товчхондоо хэлэхэд, захиалагч, хөрөнгө оруулагчид нь өөрсдийн төслийн ялгарал, уур амьсгал, брэндийг тодорхойлох, зураг төсөлтэйгөө уялдуулах, зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгч гээд орчны нөхцөлд үндэслэж үр ашигтай зураг төслийг боловсруулах, төслийг зардлын хэтрэлтгүй, цаг хугацаа, чанарын хяналттайгаар олон улсын аргачлал, стандартын дагуу хэрэгжүүлэх төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлэх зорилгыг манай баг тавиад байна. Захиалагч, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамж ч өснө гэдэгт итгэлтэй байгаа.
-Тэгэхээр компанийнхаа цаашдын стратеги төлөвлөлтөө ингэж тодорхойлсон гэж ойлгож болох уу?
Бэлтгэл ажил хийгдэж байна. Үүний дараа хэрэгжилтийг хангах үе шат бий. Стратеги төлөвлөлтөө хараахан эцэслэн батлаагүй байгаа ч, тодорхойлсон гэж хэлж болно.
-Гадаад, дотоод өөрчлөлтийн эрсдэлийн хүчин зүйлийг амжилттай давах стратегийг боловсруулж, үйл ажиллагаандаа тусгах чухал ч хэрэглэгчийн зан төлөв нь үүнийг дагаад өөрчлөгдсөнийг харгалзан үзэх сорилтууд бизнесүүдэд тулгарч байгаа. Үүнийг тооцсон уу?
-Тийм ээ, энэ бол маш чухал асуудал. Бид зах зээлээ судлахдаа, захиалагч, хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг хамт хийсэн. Мөн манай салбарын төслийн хүрээ, хэрэгжүүлэх үйл явц, ажиллагаа зэргийг олон улсын чиг хандлагатай уялдуулан 3 болон 5 жилийн дараа хэрэглэгч юу хүсэх, хаашаа чиглэхийг урьдчилан төсөөлж, төлөвлөлтөө хийгээд явж байна.
-Ковидын нөхцөл байдал дэлхийн бүх салбарын бизнесийг илүү ухаалаг технологи, хиймэл оюун ухаан ашиглах болон цахим орон зайны өрсөлдөөн рүү шилжүүлчихлээ. Үүнийг та бүхэн бизнестээ хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?
-Тийм ээ. Энэ шинэчлэл, хөгжил нь барилгын салбарт ч мөн яригдаж байна. Сүүлийн жилүүдэд барилгын мэдээллийн загварчлал, BIM-ийг ялангуяа зураг төслийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж, нэвтрүүлэх боллоо. Урьд нь уламжлалт арга барилаар нэг төсөл дээр ажиллаж байгаа мэргэжилтэн нь өөр файлууд дээр давхар ажилласнаар төслийн чанар, хугацаа, өртөгт ихээхэн нөлөөлдөг байсан. Одоо харин мэргэжилтнүүд нэг загвар дээр ажиллах болсноор энэ асуудал шийдэгдэж байна. Ингэснээр архитектор, инженерүүдэд зураг төсөлд өөрчлөлт оруулахад хялбар болж, богино хугацаанд гүйцэтгэхээс гадна барилга угсралтын үе шатанд Зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх ажилд чанарын ахиц гарч байгаа юм. Мөн захиалагч, хөрөнгө оруулагчид нь богино хугацаанд төсөвт өртгийг гаргах, барилгын материалын захиалгыг цаг тухайд нь тоо хэмжээний зөрүүгүй хийх, календарчилсан төлөвлөгөөг гаргах боломжтой болж байна. Үүнээс гадна зураг төсөл, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад AR, VR технологийг ашиглаж эхэллээ. Цаашлаад барилга угсралтын үе шатанд AR, VR технологийн тусламжтайгаар барилгын талбайтайгаа холбогдож, үйл явцаа хянах, Зохиогчийн хяналтыг хэрэгжүүлдэг болох цаг ойрхон байгаа гэж найдаж байна.
–Сайхан мэдээ байна. Мөн барилгын салбарын хөгжлийг мэргэжилтнүүд нь цахим технологиос гадна ногоон хөгжил, тогтвортой хөгжлийг дэмжсэн эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөлтөөр тодотгох болсон. Энэ тухайд?
Тийм шүү. Энэ бодлого, технологи нь барилгын салбарт маш өндөр байр суурийг эзэлж байгаа. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, Ногоон хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан “Ухаалаг хот”-ын чиг хандлага, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг төлөвлөж, бүтээн байгуулах хэтийн төлөв ажиглагдах болсон. Эхнээсээ хот төлөвлөлт, олон нийтийн барилгын төслүүдийг “Ухаалаг хот”-ын зарчмаар, технологи, эрчим хүчний хэмнэлттэй архитектур, инженерингийн төлөвлөлттэйгөөр зураг төслийг боловсруулж байна. Монгол Улсын хувьд бүтээн байгуулалт хийх хугацаа нь богино, улирлын чанартай байдаг, салбарууд ч дижитал шилжилт, ухаалаг технологи руу шилжиж байгаа зэрэг шалтгаанаар бид ч мөн барилга угсралтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, технологийг ашиглах ажлаа хөнгөвчлөх, 3D хэвлэх технологи зэргийг нэвтрүүлэх хэрэгтэй. Зураг төсөл, барилга угсралт гэлтгүй төслүүдээ төслийн менежментийн удирдлагаар удирдаж чанар, хугацаа, зардлын зорилгодоо хүрэх, төслийн менежментдээ ухаалаг программ хангамжийг нэвтрүүлдэг болно гэдэгтээ итгэлтэй байна.
“СҮҮЛИЙН ҮЕД ҮҮЛЭН СИСТЕМ, ТЕХНОЛОГИ ДЭЭР СУУРИЛСАН УХААЛАГ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ ОЛОН УЛСАД ӨСӨЛТТЭЙ БАЙНА”
“Ухаалаг хот”-ын чиг хандлага гэхээр хот төлөвлөлтийн чиглэлээр танай хийгдсэн төслүүдээс хамгийн сүүлд ямар төслийн ард гарав? Танай компанийн түүхийг ижил, төстэй үйл ажиллагаагаа явуулдаг бусад компаниудтай харьцуулаад үзэхэд хот төлөвлөлтийн баримт бичгүүд дээр нэлээдгүй ажилласан харагдсан?
Сүүлийн 7-8 жилийн хугацаанд хот төлөвлөлтийн баримт бичгүүд дээр тасралтгүй ажилласан байна. Сүүлд Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалга, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилттэйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэсэн. Урьд нь боловсруулж байсан хот байгуулалтын баримт бичиг, хот төлөвлөлтийн зураг төслөөс үзэл баримтлалын хувьд шинэлэг болсон гэдгийг тодотгон хэлмээр байна. Учир нь Дэлхий нийт НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд салбар бүрийнхээ бодлогыг тодорхойлж явж байна. Манай улс ч ялгаагүй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан байдаг. Тиймээс дээрх бодлогын баримт бичгүүд дээр үндэслэж Ханбогд сумыг ухаалаг, тогтвортой, аюулгүй, тэгш хүртээмжтэй цогц хот болгон хөгжүүлэх хот төлөвлөлтийн үзэл баримтлалтай байхаар зорьж ажилласан. “Ухаалаг хотууд”-ын зарчмуудыг тусгаж чадсан гэж үзэж байгаа. Мөн энэхүү Ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааг өргөн хүрээнд гүйцэтгэсэн. Эдийн засагчдын тусгай баг бүрэлдэхүүн ажилласан. Монгол Улсад хэрэгжиж байгаа бодлогын баримт бичигтэй холбоотой бүхий л хууль, тогтоомж, дүрэм журмуудтай танилцаж, уялдаа холбоог нь хангасан. Төлөвлөлтийг мэргэжлийн хот төлөвлөгч доктор, зөвлөхүүд гээд судлаач, эрдэмтэдтэй хамтарч боловсруулсан.
–Хувийн хэвшил аль ч салбарын хөгжилд түүчээлж ирсэн. Харин үүнийг төр засгаас дэмждэггүй гэж бизнес эрхлэгчид дуу нэгтэй хэлдэг. Таны хувьд үүнтэй санал нийлдэг үү?
–Шинэ технологи, “ноу-хау” гээд бүгдийг хувийн хэвшил өөрсдийн төсөв, хөрөнгөөр эрсдэлээ үүрч, урт хугацаанд эрэл хайгуул, судалгаагаа хийн хэрэгжүүлдэг. Энэ утгаараа яах аргагүй барилгын салбарын бодлого, үйл ажиллагааг салбарын яам нь нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулан ажиллаж, хувийн хэвшлүүдээ дэмжих хэрэгтэй санагддаг. Барилга байгууламж, үйлдвэр, хот сууринг зураг төслөөр бүтээн байгуулдгийг мэддэг хэдий ч төрийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа анхаарлын гадна гол төлөв үлдээгээд байдаг. Судалгаанаас харахад, манай салбарт гэхэд 800 гаруй аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй байдаг. Үүнээс 170 гаруй нь байнгын үйл ажиллагаагаа явуулдаг. Харин 20-иод аж ахуйн нэгж, байгууллага нь тодорхой хэмжээнд “гол тоглогч” болчихсон явж байна. Эднээс 7 компани нь тухайн зах зээлийн 30 гаруй хувийг эзэлдэг. Тэгэхээр үлдсэн 70% дээр нь бусад компаниуд “тоглолт” хийж байна. Эндээс харахад салбарын нэгдсэн бодлого дутагдалтай харагдаг. Гэтэл Монгол Улс гэлтгүй, олон улсад ч барилга, бүтээн байгуулалтын салбар нь хөгжлийг түүчээлж, улс орны хөгжлийн баталгаа болдог.
-Манай улсын хүн ам цөөтэй байдал зарим бизнест сөргөөр нөлөөлдөг талтай. Танай компанийн хувьд зураг төслийн зах зээлийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлсон уу?
Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувь буюу 74-78 их наядыг Улаанбаатар хот бүрдүүлдэг. Тэр дундаа барилгын салбар маань 5-6 их наяд, барилга угсралтыг 3-4 их наяд, зураг төслийн салбарыг эдийн засгийн өсөлттэй үед 40-50 тэрбум, хямралтай үед 20-30 тэрбум гэж бид хараад байгаа. Тусгай зөвшөөрөлтэй 800 гаруй зураг төслийн байгууллага байдгаас идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа 170 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаас томоохон 20-иод компани байдаг гэж би дээр дурдсан. 2020 оны байдлаар дээрх 170 аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлого нь 40 тэрбум байснаас 37%-ийг 7 аж ахуйн нэгж, байгууллага, 63%-ийг бусад аж ахуйн нэгж, байгууллагууд эзэлж байна. Үүнээс харахад бид хэр их нөөцөөр зах зээлд эзлэх хувиа нэмэх вэ, тэлэх үү эсвэл үйл ажиллагааныхаа чиглэлийг нэмэх үү, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулах уу, давуу ба сул талууд, өрсөлдөгчийн бизнесийн ялгарал гээд л цогцоор нь харахыг хичээж байгаа. 15 жилийн хугацаанд үндэсний хэмжээний томоохон компаниудаас гадна жижиг компаниуд, хувь хүн гэсэн 100 гаруй захиалагч, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллажээ. Сүүлийн жилүүдэд ажилласан төслүүдээ харахад илүү ялгарал бүхий онцлогтой, төвөгшил ихтэй төслүүд дээр түлхүү ажилласан байна. Тэр утгаараа сүүлийн үеийн техник технологи, архитектурын чиг хандлага, зах зээлийн эрэлт, орчны нөхцөл байдал гээд чанарыг эрэлхийлдэг захиалагч, хөрөнгө оруулагчид нь манай зорилтод зах зээл юм байна гэдгийг харж байгаа.
-Бизнесийн түнш, захиалагчдадаа цензур тавьдаг уу. Магадгүй харилцахад, хамтрахад төвөгтэй захиалагчид байдаг байх?
Огт байдаггүй гэж хэлэхгүй ээ. Анх захиалагч, хөрөнгө оруулагч, төслөө, цензурддэггүй байсан. Мэдээж, компаниа тогтвортой ажиллуулах, зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх, танигдах зэрэг хүчин зүйлээс болоод тийм боломж нь байгаагүй. Харин сүүлийн 5 жил захиалагч, хөрөнгө оруулагчид руугаа чиглэсэн сэтгэл ханамж, зан төлөв, хандлага зэргийн судалгааг явуулдаг болсон. Тухайн захиалагч нь барилгын салбарын мэдлэг, мэдээлэлтэй байх тусмаа ажиллахад дөхөм байдаг. Бид төслийн урьдчилсан судалгаагаараа захиалагч, хөрөнгө оруулагчдаа мэдээллээр хангаж, зөвлөгөөг өгөхийг хичээдэг.
“ХАРИН АЖИЛЛАХАД ХЭЦҮҮ ТӨСӨЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮДЭЭ ЭРГЭЭД ХАРАХАД, ХАМГИЙН ТӨВӨГШИЛТЭЙ, ЭРСДЭЛТЭЙ ТӨСЛҮҮД Л БАЙСАН САНАГДДАГ”
-Сүүлийн үед барилгын салбарыг тойрсон чанаргүй барилга, цаашлаад барилга угсралтын алдаатай барилга гэж их яригдах болсон. Алдаатай барилга гэвэл үүнд зураг төслийн асуудал хамаарах болов уу. Та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Юуны өмнө манай улсын норм, дүрмүүд нь Орос норм ба дүрэм, стандартыг нутагшуулан хэрэглэдэг гэдгийг тодотгон хэлмээр байна. Шинэчлэлт маш удаан хийгдэж байна гэж харж байгаа. Норм ба дүрэм боловсруулах үнэлгээ нь бага байдагтай холбоотой байх. Төрийн бус байгууллагууд, салбарын экспертүүд нь сайн дураараа шахуу норм, дүрмүүдийн шинэчлэлтийг хийж гүйцэтгэдэг учир маш удаашралтай байдаг. Тусдаа институтгүй, судалгаа шинжилгээг хийдэг томоохон Хүрээлэн байхгүй нь өөрөө маш том асуудал юм.
Харин чанаргүй барилгын тухайд үгүйсгэж чадахгүй. Яаах ч аргагүй асуудалтай. Зураг төсөл дээрээ арматурын хэмжээ, хоорондын зай хэмжээ, узель гээд бүгдийг зураад өгсөн байхад зураг төслийн дагуу угсарч чаддаггүй. Зохиогчийн хяналтыг яаж хэрэгжүүлж байгаагаас харахад 50-60 хувь нь шахуу барилгын материалын чанарын асуудалтай байдаг. Барилгын материалаас гадна угсралтын технологийг баримтлах гэж маш чухал зүйл бий. Технологи, барилгын материалаараа Монгол Улсад мөрдөж буй хууль, норм, стандартыг ихэнхдээ хангаж чадахгүй байна гэж хардаг. Гэхдээ хангаж байгаа цөөхөн буюу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа, төслөө удирддаг нэр бүхий цөөн тооны компаниуд байдаг.
-Бизнесийн салбарын өрсөлдөгч бол дайсан биш эсрэгээрээ сайн туршлага, сургагч гэж харах хүмүүс бий. Таны хувьд өрсөлдөгчийнхөө талаар ямар бодолтой явдаг вэ?
Яг зөв. Өрсөлдөгч гэхээсээ илүү бизнесийн ёс зүйг тодотгож хэлмээр байна. Мөн өрсөлдөгч компаниуд гэж ярихаасаа илүү шилдэг хамтрагч, захиалагчдаа онцолж өгмөөр байна. Үндэсний хэмжээний томоохон компаниудтай хамтарч ажиллахаар талуудын хамтын ажиллагааны хүндрэл гарах нь бага санагддаг. Тухайлбал, “Таван богд” группийн “Gerlug Vista” орон сууцны төсөл л гэхэд зураг төслийн дагуу, чанартай баригдаж байгаа. Мөн “Алтан жолоо групп” ХХК-тай салбар сүлжээ дэлгүүрүүд дээр хамтарч ажилласан. Зохиогчийн санаа, үзэл баримтлал, шийдлийг хүндэтгэж, зураг төслийн дагуу гүйцэтгэдэг онцлогтой компани юм билээ. Мөн “Оюу толгой” ХХК, “Макс констракшн” ХХК гээд томоохон компаниуд бий.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Төгсгөлд нь танаас энэ салбарт ажиллахад хүндрэлтэй асуудал хэр тулгарч байсан талаар асууя. Уучлаарай, эрэгтэйчүүд голдуу ажилладаг салбарт удирдлагаар ажиллаж байгаа учраас жендер асуухгүй өнгөрч чадсангүй?
Харьцангуй гайгүй шүү. Аливаад бүтээлчээр хандаж, практикаас суралцаж байдаг маань тулгарсан асуудлыг даван туулахад эергээр нөлөөлдөг. Манай салбарын 60-70 хувийг эрэгтэй захирлууд эзэлж байна. Цөөн хэдий ч салбартаа амжилттай яваа эмэгтэй удирдах түвшний хүмүүс бий. Миний хувьд цаг ямагт суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Захирал, менежер гээд удирдах түвшний ажил, олон талын “soft skills” буюу зөөлөн ур чадварыг шаарддаг гэж хардаг. Тиймээс “коучинг” авахдаа авч, шинэ тутам зүйлд суралцсаар л явна. Юмс технологиор л эцэс төгсгөл болж байх шиг байна. Тэр болтол суралцана аа.
-Танд баярлалаа.