Монгол Улсын Ерөнхийлөгчид Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн тухай батламжийг гардууллаа

2022 оны 07-р сарын 11 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
N_BM7558

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ойгоор айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүслээ.

Монгол Улс нь төрт ёсны түүхэн уламжлалтай, өв соёлын өлгий нутаг гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын онгон дагшин байдлыг хадгалах, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах болон бусад чиглэлд хамтын ажиллагааг бүхий л хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улс нь газар зүйн байрлал, түүх, соёлын өвөрмөц онцлогтой орон гэдгийг дурдаж, хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тухайлбал, ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын сүлжээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 06 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн тухай танилцуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн цэнгэг усны нөөцийн 2 хувь, Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.

Ерөнхий захирал Одри Азулейн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж байгааг сайшаалаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буй дэлхийн хүн төрөлхтний өв, соёлыг хадгалан хамгаалахад Монгол Улс онцгой анхаарал хандуулна гэдгийг хэллээ.

Уулзалтын үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Хөвсгөл нуурыг Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн тухай батламжийг гардуулав.

Ташрамд дурдахад, Монгол Улсаас ЮНЕСКО-д одоогоор нийт 32 өв болон байгалын цогцолборт газрууд бүртгэгдээд байна. Үүнд манай улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад одоогоор нийт 5 өв бүртгэгдсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх