Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж буй нийтийн тээврийн үйлчилгээ ижил төрлийн үйлчилгээ дундаа хямд өртөгтэй гэдгээрээ онцлог. Тиймээс ч дотоодын болон олон улсын нислэгээр зорчигчдоос гадна “Чингис хаан” нисэх буудал болон Хөшигийн хөндий дэх албан байгууллагад ажиллагсдын хувьд хямд бөгөөд тухтай, тогтсон цагтай, тухлаг үйлчилгээ болоод буй юм.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан
-“Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллаж байна. Нэг удаагийн эргэлтээс ирмэгцээ халдваргүйжүүлэлт, чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Мөн үйлчлүүлэгчид бэлэн мөнгө, автобусны карт, банкны картын аль алинаар нь төлбөр тооцоо хийж болно. Аль ч хэлбэрээр тооцоо хийсэн НӨАТ-ын баримт олгож байгаа. Энэ чиглэлд цахилгаан автобус болон Зорчигч тээвэр-III нэгтгэлийн давхар автобусаар үйлчилж буй юм. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тухлаг бөгөөд багтаамж сайтай автобусыг сонгон явуулж байгаа. Автобусны чиглэл, цагийн хуваарийн талаар монгол болон англи хэлээр танилцуулж байгаа гэсэн юм.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын чиглэлд үйлчилж буй хамгийн эхний автобус өглөөний 05:00 цагаас явдаг бол шөнийн 01:40 цаг хүртэл үйлчилдэг. Одоогоор зорчигч урсгал бага байгаа ч алсдаа нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Автобусны цагийн хуваарийг онгоцны нислэгтэй уялдуулж гаргаж буй тул зорчигчид онгоцноос хоцрох вий гэж болгоомжлох хэрэггүйг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын II баазын жолооч Э.Алтан-Од:
-“Чингис хаан” нисэх буудлын чиглэлд хагас сарын хугацаанд ажиллаж байна. Өглөөний 05:00 цагаас Баруун дөрвөн замаас зорчигчдоо суулган, шөнө 01:40 цагт Баруун дөрвөн замд зорчигчдоо буулгадаг. Өдөрт дөрвөн удаа эргэдэг. Иргэд сэтгэл ханамжтай, баяртай байгаа нь анзаарагдаж байна. Одоогоор хүмүүс төдийлөн мэдээгүйгээс нэг удаагийн эргэлтэд 4-5 зорчигч явж байгаа. Алсдаа нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Та цахилгаан автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Нэг удаа цэнэглээд хэдий хэр зам туулдаг вэ?
-Нэг удаа цэнэглээд 100 км гаруй зам туулж байна. Хөшигийн хөндий рүү очоод ирэхэд 110 км болдог. Тэр замыг бол асуудалгүй туулж байгаа. Нэг удаад 20 минут цэнэглэхэд хангалттай цэнэг авдаг. Эргэлт хооронд 30 минут орчим хүлээдэг. Тэр хугацаанд цэнэглэдэг. Цэнэг дуусна гэсэн болгоомжлол байхгүй.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын I баазын ахлах инженер М.Гэрэлчулуун:
-Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бид автобусаа бүрэн камержуулж, камерын системээ онлайнд холбосон. Ямар автобус, хаана, хэдэн зорчигчтой явж байгааг хянах боломжтой. Зорчигчид манай ээлжийн инженерийн утсанд талархал илэрхийлж байгаа. “Урьд нь Хөшигийн хөндийгөөс Улаанбаатарт таксигаар ирэхэд 170-180 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 10 мянган төгрөгөөр таксинаас дутахгүй тухтай үйлчлүүлж байгаадаа баяртай байна” гэсэн сэтгэгдэл ч ирсэн гэлээ.
Иргэд нийтийн тээврийн үйлчилгээгээ цаашид тогтмол явуулахыг хүсэж байв. Тиймээс эхэн үедээ огт зорчигчгүй байсан ч цагийн хуваарийн дагуу үйлчилсээр байгаа юм.
Цагийн хуваарь:
- Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40, орой 20:50, 21:50 цагуудаас
- Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас
Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө 07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.
Үйлчилгээний үнэ тариф:
Том хүн 10.000 төгрөг
Хүүхэд 5.000 төгрөг
Дахин сануулахад, үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолжээ. Хөшигийн хөндийг зорьж буй иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хүслээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР