Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.07.05) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён С.В.Лавровтай дахин уулзаж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улс нь цар тахлын хүнд нөхцөл байдалтай нүүр тулж, эдийн засгийн багагүй хүндрэл амссан ч уламжлалт найрсаг түнш ОХУ-тай харилцаагаа хэвийн үргэлжлүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирснийг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид өнгөрсөн онд ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ үеэр Холбооны Зөвлөлийн дарга К.И.Косачёв тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, 100 жилийн ойн хүрээнд хүндэт зочноор оролцсон. Манай хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол парламент хоорондын хамтын ажиллагаа юм. Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалахсан. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлээр ОХУ-д айлчлах үеэрээ В.И.Матвиенко, В.В.Володин нартай нөхөрсөг уулзалтууд хийж, хоёр талын харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны олон асуудлыг хөндсөн гэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Улсын Их Хурлын даргатай дахин уулзах боломж олдсонд баяртай байна гээд ОХУ, Монгол Улс хооронд парламент хоорондын хамтын ажиллагаа төдийгүй манай хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга ОХУ, ЗХУ-д төгсөгчдийн холбоог тэргүүлж, Эрхүүгийн Их сургуулийн дэргэд судалгааны төв байгуулахад манлайлан оролцсон нь манай хоёр улсын харилцааг улам баяжуулж байна. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комисс байгуулагдаж байгаа бөгөөд уг Комиссын Дүрмийг ойрын хугацаанд эцэслэж, бэлэн болгоно гэдэгт найдаж байна. ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин таны урилгаар ирэх намар Монгол Улсад айлчлах үеэр манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг батлах, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдах төлөвтэй гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга эрхэмсэг ноён В.В.Володины Монгол Улсад хийх айлчлал нь манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурал болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг эцэслэн тохиролцож батлах, Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид энэхүү Комиссыг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хууль тогтоох чиглэлээр туршлага солилцох зэрэг олон чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллана гэдгийг тэмдэглэхэд таатай байна гээд ноён С.В.Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж буйд баяртай байна гэв.
Уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын ГХХ-ийн дарга Ц.Жамбалдорж, оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн газрын захирал М.В.Захарова, ГХЯ-ны Азийн I газрын захирал В.Г.Зиновьев болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.