Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ
2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа.
Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотойгоор жагсаалтад багтсан хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, нэмэлт хувьцаа гаргах тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох, нэмэлт хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахыг компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд санал болгох эсэх, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх, хувьцааг худалдан борлуулснаас олох орлогыг тухайн компанийн техник технологийг шинэчлэхэд зарцуулах зэрэг зохион байгуууалтын арга хэмжээ авч ажиллахыг төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Жагсаалтад заасан төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцаа нэмж гаргах, биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгав.
2022-2023 онд биржээр төрийн мэдлийн 34 хувийг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад оруулах төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтжээ.
Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихийг холбогдох сайд, албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Төрийн өмчит зарим компанийг нэгтгэлээ
“Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгалаа. Мөн “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт, “Буянт-Ухаа” спортын ордныг Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” төрийн өмчит үйлдвэрийн газартэй нэгтгэлээ.
Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
“Радио телевизийн үндэсний сүлжээ”, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”, “Аялал жуулчлалын хөгжлийн төв”, “Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон Хөдөө аж ахуйн бирж, “Авто импекс”, “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” компани зэрэг цаашид төр оролцох шаардлагагүй, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, эсхүл ижил төстэй байгууллагатай нэгтгэх, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг холбогдох яам, агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгаж, 2022 оны наймдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргана
Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, хугацааг тодорхойлох зорилготой судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Дээрх хоёр зүйлийн хөнөөлт шавж нь хөгжлийн хүрэнцрийн үе шатандаа шинэс модны шилмүүсээр хооллон хөнөөл учруулдаг бөгөөд хүрэнцрийн тоо толгойн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг агаарын хөлөг болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологи, химийн аргаар ирэх долдугаар сарын 10-ныг хүртэл явуулах юм байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймгийн Сэврэй суманд Сэврэй, Гурвантэс, Ноён сумдыг хариуцсан сум дундын ойн анги, Цогт-Овоо суманд Баян-Овоо, Ханбогд, Манлай, Цогт-Овоо, Цогтцэций сумдыг хариуцсан сум дундын ойн ангийг шинээр нэмж байгуулах шийдвэр гаргалаа.
Товч мэдээ
· Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв” болон “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт”-ийг нэгтгэн, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт” болгон өөрчлөн зохион байгууллаа.
· Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журмыг баталлаа.
· Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм болон Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур, шагайн харвааны дүрмийг тус тус баталлаа.