Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогчийг хүлээн авч уулзав

2022 оны 06-р сарын 16 өдөр, 22 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
287587704_1460227074397564_1503801659062133877_n

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруаг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” олон улсын бага хурлыг зохион байгуулах санаачилгыг анхнаас нь дэмжин, биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-т мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.

Монгол Улс НҮБ-ын эрхэм зорилго, зорилтууд, түүний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн энхийг сахиулах ажиллагааг шинэчлэх, хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой “Энхийг сахиулах үйл ажиллагаа” санаачилгыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч  байгааг тэмдэглэв.

Дээрх санаачилгыг бүх талаар дэмжин, Зэвсэгт хүчнийхээ оролцоог өргөжүүлэх, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэх чиглэлээр НҮБ-ын Энхийн ажиллагааны газартай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Ж.П.Лакруа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

Олон улсын ээдрээтэй энэ цаг үед Монгол Улс олон талт харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, олон улсын бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв.

Монгол цэрэг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн мэндийг дэвшүүлж, монгол цэргийн үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтыг өндрөөр үнэлдгээ онцлов.

Мөн олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, бүс нутаг дахь итгэлцэл, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны үүрэг, нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд Монгол Улс чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх