Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дэмжиж, мод тарих ажлыг өрнүүлэн ажиллаж байна.
Энэ хавар тус газрын Төв байр, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв болон 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хэлтэс, ангийн хашаа, нэрэмжит гудамж талбай, гэрийнхээ хашаанд нийт 2869 мод, 405 жимсний мод тарьж ургуулах ажлыг эхлүүллээ. Тус газрын хувьд 2030 он хүртэл 250 мянган мод, жимс тарих зорилт тавин ажиллаж байна.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, цөлжилтийн эсрэг зохион байгуулж буй тус хөдөлгөөнийг монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байгаа юм.