Эстони Улсын “E-Estonia”, Монгол Улсын “E-Mongolia”-г хүүхэд залуучуудад танилцууллаа

2022 оны 05-р сарын 30 өдөр, 11 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
284076766_1112695082618650_9125017093475283534_n

Жил бүр уламжлалт байдлаар зохион байгуулагддаг “ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ” арга хэмжээг дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа Монгол Улсын Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас 5-р сарын 27-ны өдөр маш өргөн хүрээнд олныг хамруулан зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар албан ёсоор нээв.

Арга хэмжээнд Европын Холбоо (ЕХ)-ны гишүүн орнууд, ЕХ-ны санхүүжилттэй төслүүд, ЕХ-ны гишүүн орнуудын соёлын байгууллагууд, ЕХ-ны гишүүн орнуудын компаниуд, төлөөлөгчид оролцож, гишүүн орнуудын улс тус бүрийн онцлогийг харуулсан соёл урлаг, шинжлэх ухаан, аялал жуулчлал, боловсрол, сургалтын тэтгэлэг, визний журам гээд мэдээ мэдээлэлтэй танилцаж, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээнд дэлхийд ЦАХИМ ЗАСАГЛАЛААРАА ТЭРГҮҮЛЭГЧ Европын Холбооны гишүүн улс болох 1.3-хан сая хүн амтай Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консулын газар оролцож, тус асарт хүүхэд залуучуудыг хөл тасрахгүй байв.

Учир нь одоогоос 30 жилийн өмнө Зөвлөлт Холбоот улс задарч, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжихэд улс бүр биеэ дааж, ЭСТОНИ УЛС нь яг Монгол Улс шиг энэхүү түүхэн замналаар замнасан ч улсаа бүхэлд нь цахим систем рүү шилжүүлснээр маш богино хугацаанд мэдээлэл, технологийн салбарт дэлхийн тэргүүлэгч орон болсон байна.

Өөрөөр хэлбэл, дэлхий дахинаа ‘САЙН ТУРШЛАГА’ болон түгээгдэж буй Эстони Улсын E-ESTONIA https://e-estonia.com/ цахим системийн хувилбарыг өнөөдөр Монгол Улсад E-MONGOLIA https://e-mongolia.mn/home хувилбараар нутагшуулаад байна. Үүнийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг нийт иргэдэд түргэн, шуурхай болгон улам ойртуулж, төвлөрөл болон түгжрэлийг сааруулж, цаг болон зардлыг хэмнэж, мэдээллийн ил тод, нэгдсэн дата баазтай, хүртээмжтэй байдлыг хангаж, авилгаас ангид байлгаж, улс орныхоо өрсөлдөх чадварыг дэлхийн тавцанд сайжруулж, ард түмнийхээ тав тухтай амьдрах орчныг дээшлүүлж байна.

Энэ туршлагын талаар Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул хатагтай Л.Хулан нь Эстони Улсын асраар зочилсон хүн бүрд, нэн ялангуяа хүүхэд, залууст IT-ийн чиглэлээр суралцах боломж, бололцоо болон бизнес эрхлэгчдэд Е-ЗАСАГЛАЛ, Е-СОНГУУЛЬ, E-БОЛОВСРОЛ, Е-ЭРҮҮЛ МЭНД, E-ИРГЭНШИЛ, E-ҮНДЭСТЭН зэргийг бий болгосноор улс эх орныхоо эдийн засаг, бизнесийн хөгжлийг шинэ түвшинд, бага зардалтайгаар, илүү үр бүтээмж дээр суурилан ажиллуулах боломжтойг танилцууллаа.

283973361_431839975000890_388108553816005121_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх