Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

2022 оны 05-р сарын 29 өдөр, 17 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Hurelsuh

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн  Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

УГ МЭНДЧИЛГЭЭНД:

“Монголчууд бид эрт дээр үеэс төр улс, төрөлх нутаг, түмэн олноо нэгдмэл санаа, нэгэн зориг, эвийн хүчээр хамгаалж ирсэн төрт ёсны түүхэн уламжлалтай ард түмэн билээ.

Энэ түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлж, улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийнхээ эрүүл саруул, элбэг хангалуун, энх амгалан амьдралын төлөө он удаан жил чин сэтгэл, мэргэн ухаан, мэдлэг чадвараа дайчлан зүтгэж ирсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, үе үеийн тэргүүн, гишүүд, нарийн бичгийн дарга, ахмад ажилтнууд болон өнөөгийн Ажлын алба, Стратегийн судалгааны хүрээлэн, шинжээчийн хэсгийн эрдэмтэн, судлаачдад  30 жилийн ойн баяр  хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үндэстний үнэт зүйлсээ нандигнан хадгалах, төр улсынхаа язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлэх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үндсийн үндэс юм.

Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд, улс орны үндэсний аюулгүй байдал, эх оронч үндэсний үзэл, эв нэгдэл ямагт бүхнээс дээгүүр эрэмбэлэгдэх ёстой гэдгийг энэ тэмдэглэлт өдөр түмэн олондоо сануулах байна.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хадгалан хамгаалахын төлөө, бүх хүч чадал, мэдлэг боловсролоо зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн, өнөө үед зүтгэж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамт олон болон Монголын ард түмэндээ түүхт ойн өдрийг тохиолдуулан дахин чин сэтгэлийн баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх