Л.Самбуу: Миний сонирхоод байгаа афоризм Чагнаагийн Пүрэвдоржийн яруу найргийн мөр шад дундаас үл мэдэгдэх шинэ од шиг гарч ирж байна

2022 оны 05-р сарын 26 өдөр, 21 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ёёё

 Зохиолч, судлаач Лхамын Самбуутай ярилцлаа.

 -Та  “АФОРИЗМ – МЯНГАН ЖИЛИЙГ ТУУЛАХ МЭРГЭН ҮГСИЙН ОХЬ” хэмээх ном бичжээ. Номын баярын үеэр зохиолчид их сонирхолтой бүтээл байна гэж ярилцаж байх юм?

-Тиймээ, миний бичсэн Афоризмын тухай  ном уншигчдын гарт очлоо. Өнөө цагт хүмүүс шинэ юманд их хошуурах болж. Афоризм нь манайдаа шинэ гэж хэлж болох ч аль эрт, м.т.ө Аристотель, Платон, Сократ, Цицироноос үүдэлтэй маш эртний ухаан.

Манайхан  1970, 80-аад оны үеэс  гадаадын афоризмыг  монгол хэлнээ орчуулж эхэлсэн. Сүүлдээ бичиж эхэлсэн. Афоризмыг  ихэвчлэн яруу найрагчид бичээд байгаа нь учиртай.

Тэд уран санаанд нь “хорхойсоод” байхгүй юу. Ийм ч учраас “афоризм”-ыг  би, яруу найргийн санаа гэж тодотгоод байгаа юм. Афоризмын чиглэлээр дагнан ном гаргасан цөөн  зохиолч  манайд бий гэж “Утга зохиол урлаг” сонин  хэдэн жилийн өмнө мэдээлж байсан.  Гэтэл одоо  хоёр оронтой тоонд багтахаа байлаа. Би үүнд баярлаж, зохиолчдод нь талархаад байгаа. Тэд, афоризм дэлхийн уран зохиолд биеэ даасан уран бүтээлийн нэг чиглэл болж  байгааг мэдээд байна л даа.

Афоризмын зүйлчлэл, нэршил нь янз янз байна.  Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, судлаач Жа.Баяржаргал афоризмыг монголчууд “мэргэн айлтгал, цэцэн холбоо, ончлол, бичил ойллого, сувд эрхи, уран хэлхээс, ишлэл, охь үгс, хөх сэтгэгдэл, сор үг, охор санаа, галаг бичээс, дотоод ойллого.. гэх мэт 50 гаруй үгээр нэрлэж ирсэн гэж бичсэн байна лээ. Энэ үнэн байх.  Одоогоор “афоризм”  гэдэг үг монголоор тогтсон нэг нэршил,  хэллэг үгүй байна. Би  тодорхой байр сууринаас хариулт өгсөн.

-Та  юу гэж  үзсэн бол?

– Ерөөсөө афоризмыг орчуулахгүй байя. Үнэндээ “афоризм” гэх үгийг монголоор орчуулах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу.  Учир нь яг тэр үгийн амт, үнэр,  агуулга монгол ухаанд тод бууж өгөхгүй байна. Үгийн цаана, утга  байдаг хойно гадаад энэ үгнээс цэрвэх хэрэггүй биз ээ. Ийм  олон улсын болчихсон үг монгол хэлэнд олон бий л дээ. Роман, театр, балет, кино гээд алийг тэр гэхэв Шууд хэлэхэд орчуулмааргүй байна  гэж.  АФОРИЗМ, АФОРИЗМ-аараа л байг.

 -Гэхдээ та “Афоризм бол товч тодорхой онч мэргэн үгс” гэж тодорхойлсон бус уу?

-Би ч тодорхойлчихоод байгаа юм биш. Ер нь дэлхий нийтээрээ “афоризм нь товч, мэргэн оносон, уран яруу, тансаг үгтэй, утга сэтггэлэг гүн” гэсэн тодорхойлолтон дээр тогтоод байгаа. Афоризмыг сайтар ойлгож судална гэдэг  цаад гүнд байгаа зүйлийг илрүүлж болох зүрхний цахилгаан бичлэг шиг юм.

Ер нь афоризм гурван салбарт: шинжлэх ухаан, философи,  утга зохиолд элбэг тааралдана.

 Аль эрт үед сэтгэгдэж, бичигдэн үлдэж, өнөө  бидний үед  ач холбогдлоо алдаагүй  афоризм зөндөө. Ингэхлээр афоризмд   ямар нэгэн хил хязгаар үгүй, орон зай ,цаг хугацааны ямар нэгэн хязгаарлалт байдаггүй юм байна. Эдгээрээс нэгэн үндсэн зарчим гарч ирж  байна.   Афоризм буюу /ἀφορίζειν /  хэмээх онч үг хэллэг нь  хоёр чухагийн нэгдэл юм. Нэгэн талаас, утга санааны хувьд ертөнцийн нийтлэг үнэн  хийгээд учир холбогдлын төгс төгөлдөр илэрхийлэл, нөгөө талаас хэл найруулгын хувьд илүү дутуугүй, товч тодорхойн туйл юм.  Өөрөөр хэлбэл, утга санаа хийгээд хэл найруулга төгс төгөлдөр байх. Аль нэг нь дутагдвал хүмүүсийн  санаанд хүрч, сэтгэлд хоногшин, ам дамжина гэж үгүй. Афоризм цөөн байдгийн учир нь энэ.

Бас нэг сонирхолтой юм бол, хэрвээ л афоризм мөн бол утга санаа нь хуучирдаггүй. Тэгэхлээр афоризмд эртнийх гэсэн ойлголт байхгүй. Магадгүй хэдэн зуун жил байтугай хэдэн мянган жилийн өмнөх  афоризм үүнийг нотолно. Жишээ нь: “Сэтгэлийг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй” гэсэн Сократын афоризмыг  өнөө ч бид хэлээд л, бараг өөрөө хэлсэн мэт дотноссон  байна. Грекийн агуу философич Сократ  МЭӨ 470 онд Афин хотод төрсөн хүн шүү дээ.  Ийм эртний.

 -Афоризм тун саяхан манайд орж ирсэн гэж хэлчихэв үү, үгүй юу?

Үгүй, үгүй хаанаас. Аль эрт бичиж, хэлж  л байсан.  Өнөө бол бид цэгцэлж боловсруулаад бичгийн хэлэнд гүн суулгаад байна.  Энд нэг зүйлийг онцгойлон хэлэхэд бид афоризм гэхээр л гадаад, харь орны эрдэмтэн мэргэдийг л санадаг. Гэтэл монголчуудын өвөг дээдэс  найман  зууны тэртээ өнөөгийн энэ афоризмыг хэлж байсан байх юм.

 “Утга төгөлдөр үгэнд мэргэд үнэн баясмуй.

Утгагүй чалчаа үгэнд тэнэгүүд үлэмж баясмуй” Цаннид ловон Шагдар.  .

 “Үзэсгэлэнт шастирын яруу үгийн дуун төгөлдөр.

Үгийн эрихсийн үнэр анхил, сайн утгын амт цогц. Ханчин хамба Жамъянгарав гэх зэрэг жишээ байнаа.  Сонирхолтой зарим шишээг авахад, төвдийн 13-р зууны үеийн эрдэмтэн, зохиолч Сахъяа бандид-ыг нэрлэж болно. Түүний “Сургамжит үгсийн  үнэт эрдэнэсийн сан” номон дах яруу найргийн “афоризм” нь Төвд болон  Монгол оронд  хүчтэй  тархаж,  тэдний нилээдгүй  нь  зүйр цэцэн үг хэлбэрийг олжээ. Мөн Грузиний 12-р зууны төрийн зүтгэлтэн,  яруу найрагч, “Витязь в тигровой шкуре” туульсийн номын  зохиогч Шота Руставелийг  афоризмын зохиогчоор нэрийг нь дурьдсан байдаг. Энэ номыг манай алдарт орчуулагч Доржийн Гомбожав  “Барсан хэвнэгт баатар”  гэж орчуулан монгол уншигчдад танилцуулсан билээ.

 Мөн Дундат зууны үеий Испаний зохиолч Хуан Мануель гэдэг хүний “Граф Луканор” гэсэн номын хоёр, гурав, дөрөв дүгээр хэсэг нь афоризм, сургаалт үгсийн түүвэр болохыг хэвлэлд тэмдэглэн үлдээжээ. Онцлоход, 19-р зууны төгсгөл, 20-р зууны  афоризмын гол төлөөлөгчид нь Оскар Уальд, Фридрих Ницше, Жорж Бернад Шоу, Карл Клаус, Аркадий Давидович, Леонард Луис Левинсон зэрэг олон зохиолчид байна.

-Афоризмыг тодруулахын тулд цэцэн  мэргэн үгтэй хоршуулан  хэлээд байдаг. Афоризм, цэцэн мэргэн үг хоёрын хооронд ямар ялгаа байна.?

-Афоризм болон цэцэн  мэргэн үг нь  хэрэглэгдэх байдлын хувьд  ялгаатай.  Гэхдээ энэ хоёрыг  энэ нь ийм, тэр нь тийм гээд түс тас  ялгачихаж бас болохгүй. Афоризмаас хоёр зүйл ажиглагдана. Нэг нь мэргэн санаа гялс хийн төрж хэлэгдэх,  нөгөө нь бидний ярианы салшгүй хэсэг болоод  гүн утгга нь үл мэдэг алдагдаад, хар ярианы үг мэт  болсон ч цэцэн мэргэн үгийн бүлэгт  хамааралтай  явдаг үгс байна.

Зүйр  цэцэн үгийн утга санаа ил учраас, хэн ч ухааран ойлгоход хялбар,  хүмүүжлийн чанартай сургаал юм.  Харин афоризм бол үнэнийг онож хэлэх талаараа “цэцэн” үгтэй адил, гэхдээ  хэлэх гэсэн юм нь, далд цаана үлддэг.  Өөрөөр хэлбэл философилог. Афоризмыг  ойлгох тусам оюун мэлмий гийж, ухаан задлах  бөгөөд зүйрлэвэл харанхуй өрөөнд тэмтчиж  яваа хүнд бамбар асааж өгөхтэй төстэй юм. Үнэн хэрэгтээ  афоризмыг уншигч, хэрэглэгчид  нь нилээд гэгээрсэн, оюуны тодорхой түвшиний боловсролтой хүмүүс байдаг юм шүү. Тийм болохоор афоризм унших  нь тун чиг  “тансаг хэрэглээ” болж таарах нь.

-Ингэхэд үндэстнүүдийн афоризмын ялгагдах байдал, төстэй тал ?

  -Афоризмын тогтолцоо нь бас тийм энгийн, ил зүйл биш. Үндэстнүүдийн амьдралын хэв маяг, сэтгэлгээний онцлог, оршин буй нийгмийнх нь нөхцөл байдлаас болоод өөр өөр байж болно. Бас хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгах нь ч бий.  Зарим афоризм урьд өмнөх афоризмуудаас, эсвэл тэдгээрийн хослолоос гарах явдал ч байдаг бололтой.  Бас үндэстэн бүрийн амьдрах арга, орчин ахуй өөр өөр ч нэг афоризмын санааг адил төстөй давхардуулан илэрхийлэх нь  бий. Ж-нь: ”Онч мэргэн үгийг хэрэглэвээс үг цөөн, утга аугаа болмой” Ли Бай.   “Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.” Марк Твен.

 Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй ардын цэцэн үг байдаг бол “Хүн хэдий цэцэн төрөвч юм байна.

 -Байнга хэрэглэгдсээр байгаад бүр манай хэлэнд өөриймшиж, хүн хэзээ бол хэзээ хэлэхэд бэлэн болсон афоризм байдаг. Достоевскийн “Гоо сайхан ертөнцийг аварна” гэх мэтийг үй олноор дурдаж болно.

-Таны хувьд яруу найрагч эрдэмтэн доктор  Чагнаагийн Пүрэвдоржийн “Амьдралын төгөл”, яруу найргийн 3 боть номоос тэдгээр афоризмыг шүүсэн байна. Энэ яагаад таны сонирхолыг татахад хүрэв?

-Энд учир их бий. Хүмүүс афоризм зохиогоод байна. Зохиож байгаа болохоор л зохиомол болно гэсэн үг ш дээ. Афоризм гэдэг нь номын хуудсан дотор л байдаг юм. Шүлэг зохиолоос урган гарах тэр мэргэн ухаан, философи нь уншигчдын тархинд тусаж,  бодолд унагаж, “тог цохих мэт” оюун ухааныг сэргээж байгаа нь  афоризмын “сүнс” байхгүй юу. Яруу найрагч  Ч. Пүрэвдоржийн шүлгүүд бясалгал, бодрол, гүн ухааны аястай. Хүн бүхний шүлэг ийм биш шүү дээ. Ч.Пүрэвдоржийн гэх, миний сонирхоод байгаа афоризм түүний яруу найргийн мөр шад дундаас  үл мэдэх шинэ “од” шиг гарч ирж байгаа нь сонин. Үүгээрээ бусад афоризмаас ялгаатай, шинэлэг юм шүү.

-Тэгэхлээр та афоризм яруу найргийн мөр шад дотор байдаг гэж  хэлэх гээд байна уу?

-Тийм. Та Ч.Пүрэвдоржийн номыг уншаад үзээрэй. Түүний шүлгээс афоризм олох амархан. Бараг шүлэг бүхэнд афоризм байна.  Афоризм бол яруу найрагт зайлшгүй байдаг түүний нэгэн эд эрхтэн   гэж хэлж болно. Энэ их ноцтой санаа шүү. Гэхдээ энэ нь шүлэг бүхэн афоризмтай байх ёстой гэсэн санаа биш. Афоризмтай л бол сайн шүлэг гэсэн үг ч бас биш. Афоризм яруу найргаас урган гарч ирж, түүний бүрэлдэхүүн болж байж, шүлэг нь сая хоосон цэцэрхийллээс ангижирч,  илүү учир утгатай болж ирэх нь тодорхой. Нөгөө талаас, шүлэг найраг афоризмтай байна гэдэг яруу найргийг хэт хийсвэр, мэдрэмжийн хоосон хөөсрөлөөс ангижруулж байгаа юм.

 Афоризм” –ын цэцэн мэргэн үгнээс ялгагдах нэг онцлог гэвэл ном шастир, зохиол бүтээлийн  гүнээс урган гарч, тэр чанараараа  бичгийн хэлэнд ихэвчлэн суурилдаг.  Уншваас,  хүний сэтгэлд ойрхон тусдаг,  гэрэл асах мэт тархи руу мэргэн санаа  “харван” орж, цочрол өгсөн   учраас  ой тойнд хялбархан тогтоогддог.    Энэ номын бүтсэн түүх, олсон санаа их сонин. Би яруу найрагч Ч.Пүрэвдоржийн номонд шүүмж бичсэн юм. Та нар “Улирал ба утга зохиол” сэтгүүлээс уншсан байх. Улирал дамжиж гарсан. Шүүмж бичих  санаатай уншаад байтал “тоон дотор үсэг цохиж явна“ гэдэг шиг нөгөө афоризм гэгч чинь  хаа сайгүй цохиж явах юм. Бид ихэнхдээ агуу, суут  хүмүүсийн мэргэн үгийг  бишрэн дагаад, эргэн тойронд маань, тэр тусмаа нүүдэлчин монгол ахуйгаас амилан ургаж гарсан, бидний амьдрал дунд бүрэлдэн буй болсон яруу найрагт, тодорхой хэлбэл шүлэгт байдгийг анзаардаггүй юм байна. Миний сонирхон бичиж буй энэ ном бол, яруу найраг дотроос түүсэн афоризм юм. Үүгээрээ дээр дурьсан ном зохиолоос ялгаатай. Ч.Пүрэвдоржийн афоризм нүүдэлчин монголчуудын ахуй, амьдрал, бодол санаанаас  гарсан монгол ухаан байлаа. Тэгээд л Монгол соёл, монгол сэтгэхүйгээс “афоризм” гэгч  хэрхэн төрж  болдгийн  жишээ болгож, Өрнө Дорнын соёл, боловсролыг эзэмшсэн, нэг бус шинжлэх ухааны эрдэмд зэрэг цол хүртсэн  энэ эрхмийн афоризмуудыг тодруулан уншигчдад хүргэж байгаа нь энэ юм.

-Миний анх уншсан афоризмын ном бол Мажаагийн Дэмчиг гуайн чөтгөрийн бага адтай гэсэн ном, мөн Ж.Баяржаргал найрагчийн “Ерөнхийлөгчтэй хэзээ ч бүү эвлэр гэсэн афоризмын ном байдаг санагдана?

-Шог зохиолч М.Дэмчиг “Афоризм гэдэг нь амьдралын далд мөн чанар ухагдахууныг уран зохиолын болон ярианы уран найруулгаар дүрслэн харуулахыг хэлнэ” гэж бичиж байсан.Энэ нь өнгөрсөн зууны 70,80-аад оны үед хэлсэн гэхэд бүр эртний Павел Трановын тодорхойлолт үгтэй таарч байдаг. СонирхуулахадАрдын багш, соёлын гавъяат зүтгэлтэн Л.Дашням афоризмын номоо “222 цольд үг, соёлын гавъяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Ш.Цэнд-Аюуш “афоризм”-ын номоо “Охь үг” гэж нэрлэсэн бол соёлын гавъяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч До.Цэнджав “афоризм”-ын номоо “Мянган цэн үг” гэж нэрлэсэн байх юм. Яруу найрагч, сэтгүүлч, судлаач Л.Мөнхтөр “365” гэдэг дан афоризмын /афоризм гэсэн утгаараа/ ном бичсэнийг судлаач, эрдэмтэн П.Батхуяг ”Энэ номонд  афоризмуудын үнэт чанар нь илэрч байна” гэж үзсэн байдаг. , Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Дашдондов “Анзаарлын төгс хэлбэршил”, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Г.Мөнхцэцэг “Болзоогүй цагийн хураангуй”Энэ бүхэн бол “афоризм”-ыг монгол хөрсөнд баттай суулгаж өгсөн номнууд. Миний дээр дурьдсан номуудыг хэвлэгдэхээс өмнө “афоризм”-ын эмхэтгэлүүд гарч байсан. Судлаач Г.Гонгоржав, сэтгүүлч С.Жамбалдорж, улс төрч Н.Алтанхуяг, зохиолч Г.Аюурзана, Я.Бадамсүрэн, соёлын гавъат зүтгэлтэн зохиолч Р.Батжаргаал, сэтгүүлч, яруу найрагч Ж.Баяржаргал нарын номууд байх юм. Мөн   Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Онч үг”, мөн ерөнхийлөгч асан,  улс төрч Ц.Элбэгдоржийн ”Титэм үг” гээд ном бий. Тэдгээр нь  нь энд тэнд хэлсэн ярьсан үг, тавьсан итгэлийн санааг нь түүж эмхэтгэсэн л ном.  Ахмад зохиолч, А.Далхжав гуай өнөө 88 насны сүүдэр зооглосон хэдий ч ”Түлхүүр” гэх зохиомжит онч мэргэн үгийн цомогоо тун  саяхан гаргалаа. Ингэж л монгол хөрснөөс афоризм ургаад байна даа.

-Яруу найраг дахь афоризмын судалгаагаа та цаашид үргэлжлүүлэн хийх үү?

 2015 онд “Утга зохиол,урлаг” сонины газраас “Монгол афоризм” зохиох уралдаан зарласан. Манайхан их олон хүн бичсэн. Тэр зохиосон болгон афоризм болохгүй байна лээ. Тэр бүгдийг би сонирхон судалж байгаа. Одоохондоо Чагнаагийн Пүрэвдоржийн гурван ботио л дахин ухна. Тэр номнуудаас би 500 орчим үг түүж ном болгосон юм. Одоо цаана нь зөндөө бий. Түүнийг нарийвчлан судалж боловсруулна. Би хувьдаа афоризм мөн бишийг таних, тийм нэг “түлхүүр” өөртөө зохиочихсон. Товчдоо афоризмыг тайлж, уншина гэдэг сонирхолтой бүтээлч ажил.  Эрдэнэсийн уурхайд ганцаар орсон  “шуналтан” шиг л афоризмыг ухаад баймаар байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх