Налуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ

2022 оны 05-р сарын 25 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
628d899c2756fc061a5d90b0

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр “Туушин” ХХК болон Налуу-Ухаа дагуул хотын зураг, төсөл, хот төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх Бүгд Найрамдах Франц улсын “SATHY” компанийн удирдлагуудтай гурван талт уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллахаар боллоо. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт, дэд захирал Ж.Монголжингоо, “SATHY” компанийн төсөл хариуцсан захирал Шанто Павин, Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Ц.Самдан зэрэг албаныхан оролцсон юм.

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Нийслэл болон холбогдох байгууллагын зүгээс дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг чухалчлан авч үзэж байгаа. Мөн хувийн хэвшлийн зүгээс төсөлд оролцож, хамтран ажиллах тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судална” гэв.

“Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах ажилд хувийн хэвшлүүдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг онцлоод, суурь дэд бүтцийн хувьд оновчтой Налуу-Ухаа төсөл дээр хамтрах боломжтой талаар дурдлаа. Тэрбээр мөн олон жилийн туршлагадаа үндэслэн тээвэр, логистикийн төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Налуу-Ухаа төслийн хот төлөвлөлт, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх “SATHY” компанийн төсөл хариуцсан захирал Шанто Павин өөрийн компанийн туршлага болон ажиллаж байсан олон улсын төслүүдийн талаар товч танилцуулж, уулзалтад оролцогсдод мэдээлэл өглөө. Мөн уг төсөл дээр ажиллахдаа төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг анхаарч, төр, хувийн хэвшил, иргэдийн зүгээс өгөх санал зөвлөмжийг тусгах талаар онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт Налуу-Ухаа төслийн төлөвлөлт болон зураг төслийн ажлыг хийхэд шаардлагатай санхүүжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх