БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад айлчлал хийж байна

2022 оны 05-р сарын 17 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
281137109_340444018223374_2510184251945890284_n

Японы иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибататай уулзав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Япон улсад албан айлчлал хийж байна. Япон улсад хийж буй албан айлчлал тус улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн удирдлагуудын уулзалтаар эхэллээ. Өнөөдрөөс 40 гаруй жилийн тэртээ “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата Монгол Улсад анх зочилж байсан дурсамжит түүхээ хуваалцаж, хоёр талын уулзалт нөхөрсгөөр эхэлсэн юм. Ковид-19 цар тахлын улмаас Япон улсын иргэний агаарын тээврийн нислэгийн урсгал, давтамж 20 орчим хувиар буурсан, зарим чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байна.

Түүнчлэн цар тахлын эрчим намжиж, нөхцөл байдал сайжрахыг хүлээж байна гэж “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата уулзалтын эхэнд ярив.Монгол, Япон хоёр улсын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, аялал жуулчлал, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломж, цаг агаар, газар зүйн онцлог, хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр талууд санал солилцож, цаашид иргэний агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, Японоос Монгол Улсыг зорих жуулчдын тоо, урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр орны олон жилийн найрамдалт харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй. Уг зорилтын хүрээнд агаарын тээврийн чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллаж байна гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яриандаа онцлоод, удахгүй болох Монгол төрийн их наадмаар манай оронд хүрэлцэн ирж, Монголчуудын өв соёл, ёс, зан заншилтай танилцахыг тэрбээр урьсан юм.

Япон улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компани Монгол Улс руу шууд нислэг үйлдэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хичээл зүтгэл гаргаж, хамтран ажиллахаа тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

Уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суух элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Монголын аялал жуулчлалын холбооны дарга Д.Гантөмөр болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх