Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороотойгоо хамтран зорилтот бүлгийн долоон өрхөд өргөө цагаан гэр олголоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлэхдээ “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг.
Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд үүнд үндэслэн Зөвлөлийн хурлаараа оруулж шийдвэрийг гаргадаг.
Бид хүсэлт бүрийг шийдвэрлэх санхүүгийн боломж хомс. Үнэхээр галын аюул, бүтэн өнчин, өрх толгойлсон, ам бүл олуулаа гээд маш олон үзүүлэлтийг харж байж, нийгмийн халамж нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг зорьсон” гэв. Ийнхүү 11, 13, 14, 15, 17, 19 дүгээр хорооны зорилтот бүлгийн дөрвөн иргэн болон дотоодын цэргийн 805 дугаар ангийн гурван алба хаагч өргөө цагаан гэртэй болов.