Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнэ хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хувиар бууруулах чиглэлээр дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны килограмм тутмын үнийг Засгийн газраас 250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр нөөцийн хонины махыг 7950 төгрөгөөр, амралтын өдрүүдэд борлуулж буй хонины гулууз махыг 7750 төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна.
Нөөцийн махыг борлуулж буй худалдааны цэгийн тоог 20 хүртэл хувиар нэмэгдүүлж, сүлжээ дэлгүүр, супермаркет, захын дүүргийн хүнсний дэлгүүрээр борлуулахаар боллоо.
Хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.
Махны бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй махны нөөцийг эрт бүрдүүлж, хэрэглэгчдэд хямд үнэтэй мах нийлүүлэх Хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтэд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллана.
Гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 3 хувийн хүүтэй зээлээр олгохоор болов. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгож гаргахаар шийдвэрлэснээр нийтдээ 25 орчим тэрбум төгрөгийн хүүгийн зөрүүг төр хариуцна. Энэ нь иргэдэд очих мах болон гурилын үнийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргаж байгаа дэмжлэг юм.