2020 оны гуравдугаар сараас эхлэн төрөөс хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож байна. Хүүхдийн мөнгө нь хүүхдэдээ зарцуулагдахгүй хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын дансанд шилжүүлэгдэж байна гэсэн шүүмжлэл түгээмэл байдаг.
Иймд Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгийг хариуцлагагүй эцэг, эхийн данс руу биш хүүхдийн хадгаламжийн данс руу шилжүүлэх, эсвэл тухайн хүүхдийг асран халамжилж буй эмээ, өвөө, ах эгчид нь шилжүүлэх зохицуулалтыг хийсэн гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Уг журамд Хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон байна.
Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох ЖУРАМ-д:
5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:
5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;
5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.
5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.