Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал түймрийн 29 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, иргэн хуулийн этгээдийн 1 тэрбум 595 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Гал түймрийн дуудлага мэдээллийг дүүргээр нь авч үзвэл БГД-3, БЗД-7, НД-3, СБД-7, СХД-5, ХУД-2, ЧД-2 тус тус байна. Гал түймрийн улмаас үүссэн утаажилтын бүсээс 71 иргэний гаргаж аюулгүй байдлыг хангав.
Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2022 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/399 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НОБГ, НБОГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 6 байгууллагын хамтарсан ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн давхардсан тоогоор 170 чиглэлд 158 алба хаагч, 35 автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулсан. Нийслэлийн ногоон бүсийн 81 аманд хяналт шалгалтыг хийж, гал түймэр гарч болзошгүй 10 зөрчлийг газар дээр нь арилгуулан, ногоон бүсэд зорчиж байсан 106 автомашин 850 иргэн, 21 айл өрх, 8 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 105 ширхэг санамж тарааж ажиллалаа.
Мөн бүтцийн нэгжүүдийн бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр анги болон ногоон бүсийн байрлалд бэлэн байдлыг ханган давхардсан тоогоор 671 алба хаагч, 45 гал түймэр унтраах болон шуурхай албаны автомашинтай үүрэг гүйцэтгэж, 9 удаагийн өнжмөл өвсний гал түймрийг унтрааж ажилласан.Дээрх ажлын хүрээнд ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 2 байгууллагын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 25 удаа сурталчилж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэсэн.
Шар өвсний гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18,8%-иар өссөн үзүүлэлттэй байна.