Монгол Улсад одоогийн байдлаар 120 улсын 16919 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 312, хөрөнгө оруулахаар 1576, хөдөлмөр эрхлэхээр 5829, гэр бүлийн зорилгоор 6401, суралцахаар 763, цагаачлахаар 1885, түр ирэгчээр 153 гадаадын иргэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны гуравдугаар сард 1578 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 214 гадаадын иргэнд виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 416 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 832 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 45,7 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 47,6 хувиар тус тус өсөж, виз олголт 72,1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 21,2 хувиар тус тус буурчээ.
Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сард 626 аж ахуйн нэгж, байгууллагын 1377 гадаадын иргэний хүсэлтийг цахим (eimmigration.mn)-аар хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ГИХГ