Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав

2022 оны 04-р сарын 11 өдөр, 15 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
arddd

Өнгөрсөн долоо хоногт залуучууд “Ажлаа хий” уриатай тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт 15 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч залуучуудын тавьсан шаардлагыг нэн яаралтай ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, гишүүд, Ардчилсан намын бүлэг онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг сануулав. Тэрбээр “Ардчилсан Монгол Улсын иргэд байгуулсан төр, засгаасаа хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг” гээд үндэсний аюулгүй байдал, улс орон, нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллахыг хүсэв. Үнийн өсөлт, хүнсний хомсдол, шатахууны нөөц зэрэгт анхаарах шаардлагатайг онцлов. Төсвийн тодотгол хийх замаар тэвчиж болох зардлыг хэмнэхтэй холбоотой хуулийн төслийг нэн даруй хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлүүдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдээ өргөжүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газарт шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, хүнд хэцүү үеийг хамтын хүчээр даван туулахын төлөө байгаагаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх