Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 59, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж иргэн, хуулийн этгээдийн 1 тэрбум 5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл БГД-5, БЗД-14, БНД-1, НД-1, СБД-8, СХД-20, ХУД-4, ЧД-4 байна.
Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2022 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/399 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд /НОБГ, НБОГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа/ нийт 6 байгууллагын хамтарсан ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 205 чиглэлд, 160 алба хаагч, 35 автомашинтайгаар хяналт шалгалтыг ногоон бүсийн 81 аманд явуулж, гал түймэр гарч болзошгүй 16 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 224 автомашин 1140 иргэн, 45 айл өрх, 13 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 300 ширхэг санамж тарааж ажиллалаа.
Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 16 ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, давхардсан тоогоор 658 алба хаагч, 45 гал түймэр унтраах болон шуурхай албаны автомашинтай үүрэг гүйцэтгэн, 58 удаагийн өнжмөл өвсний гал түймрийг шуурхай унтрааж ажилласан. Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртсөн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.