Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

2022 оны 03-р сарын 22 өдөр, 10 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Hurelsuh

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж байгаа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өдөр шөнө тэнцэж, наран наашилж, өргөн дэлхийд урин хавар айлчилсныг өнө эртнээс тэмдэглэж заншсан “Наурыз” бол зөвхөн казах түмний төдийгүй, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаас “Олон улсын баяр” хэмээн албан ёсоор баталсан, ЮНЕСКО-гийн “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэгдсэн, нийт хүн төрөлхтний баяр юм.

Хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтах Наурызыг өнөөдөр дэлхийн олон орны 300 гаруй сая хүн ёслон тэмдэглэж, “амьтай бүхэн хөдөлж, шимтэй бүхэн ивлэх дэлгэр цаг ирлээ” хэмээн баярлаж байна.

Манай казах түмэн Нарны баяраараа “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхнээс эхтэй” хэмээн бэлгэшээж, азай буурлуудаа хүндэтгэн залж, гэр бүл, ахан дүүс, ураг төрөл, хотол олноороо учран золгож, улиран одож байгаа жилийнхээ алдаа оноог дүгнэн, ирж байгаа жилийнхээ өнгө төлөвийг хэлэлцэж, өтгөс буурлууд нь идэр залуустаа мэргэн сургаалаа айлдаж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг бэлгэдэж, эдийн дээдийг өмсөж, идээнийхээ дээжийг хүртдэг бахдам сайхан уламжлалтай.

Хүж дэлхийтэйгээ хүйн холбоотой Наурызаа угтаж казах түмэн маань булаг шандынхаа эхийг сэргээдэг, ургах нарыг угтан тосож, сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг.

Байгаль эхээ хүндлэн дээдэлдэг казах түмний олонх нь амьдран суудаг Баян-Өлгий аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 20 сая мод тарьж ургуулах ажлаа эхэлснийг өлзий ерөөлтэй Наурыз тохиож байгаа өдөр дурдахад таатай байна.

Хоёр хөрштэй хил залгаа, казах, урианхай, дөрвөд, тува үндэстэн ястан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий нутагт хөгжлийн гэрэлт ирээдүй бий.

Төв Азийн нүүдэлчдийн дунд хэдэн мянган жилийн тэртээ үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг “Бүргэдийн баяр” нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татаж, Монгол орныг дэлхий дахинд сурталчлахад хувь нэмэр оруулж байгаа нэгэн чухал өв соёл билээ.

Бүргэдийг гаршуулан дасгах, сургах,  ан авлах  уламжлалыг 2010 онд  ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэснийг бахархан тэмдэглэж байна.

Манай казах түмэн хэл соёл, ёс заншлаа унаган төрхөөр нь хадгалан үлдэж, Наурызын баяраа архи дарсгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг үлгэр жишээ уламжлалтай.

Казах түмэн хэл, соёлоо хадгалахын зэрэгцээ монгол хэл, ёс заншил, бичиг үсгээ сайтар суралцаж, Үндсэн хуулиар олгосон эрх, үүргээ бүрэн дүүрэн эдлэх учиртай.

Казах дуу хөгжим, бүжиг наадам, ширмэл хатгамал урлал зэрэг өв их уламжлалаа улам хөгжүүлж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй.

Өрнүүн хөдөлмөрч казах түмнээс маань хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, мэдлэг туршлагаа дайчлан, үр бүтээлтэй ажилласан шилдгүүд үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлж олон гавьяат, алдартан төрсөнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Ажилч, хичээнгүй казах түмний маань ахуй амьдрал аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилт бүтээлээр цалгиж, Алтайн бүргэд мэт хийморьтой байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх