НОРПИЛЫН ЧАГНАА
(1939-2022)
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Байгаль орчны гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, Норпилын Чагнаа 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр таалал төгссөнд үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Н.Чагнаа 1939 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төрж,
1950-1960 онд дунд сургууль, 1960-1966 онд Москва хотын Гидромелиорацийн дээд сургууль төгсөж, инженер-гидротехникч мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр 1966-1968 онд Дундговь аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт ерөнхий инженер, 1968-1975 онд Усны хайгуул, төсөл, эрдэм шинжилгээний институтэд ерөнхий инженер, захирал, 1975-1978 онд Сайд нарын Зөвлөлийн шинжлэх ухаан, техникийн улсын хороонд ахлах мэргэжилтэн,
1978-1985 онд Политехникийн дээд сургуульд багш, декан, 1985-1988 онд Усны аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн яаманд алба, газрын дарга, 1988-1992 онд Төв аймгийн Батсүмбэр сум, сангийн аж ахуйн дарга, 1992-1998 онд Дундговь аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 1998-2002 онд
“ЭКОС” ХХК-д ерөнхий менежер, 2002-2004 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, 2005-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны хэрэг эрхлэх газрын дэргэдэх Усны институт болон “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөлд зөвлөхөөр ажиллаж байжээ.
Н.Чагнаа 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан төр, нийгмийн зүтгэлтэн юм.
Н.Чагнаагийн хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан” цолоор тус тус шагнажээ.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, үнэнч шударга, эгэл даруу зан, төр, түмнийхээ гэсэн зүтгэл, хүнлэг энэрэнгүй дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ