Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хангах, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор маргааш буюу 2022 оны гуравдугаар сарын 19-ний бямба гарагт Сүхбаатар дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид, хороод дэргэдэх хэлтэс, албад, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж иргэд оролцож нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, гэр болон орон сууцны хороолол, зуслангийн бүс, үерийн далан, гуу жалга, Сэлбэ голын эрэг дагуу зэрэг хуваарилагдсан байршлуудад ажиллана.
Аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд, довжоогоо угаах, засварлах бөгөөд хог тээвэр, үйлчилгээний компаниуд уртасгасан цагаар ажиллаж, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг шуурхай тээвэрлэх юм.
Мөн орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй, хангалтгүй ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох тул цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.