“Омогшил”, “Хөх Монголын хүчтнүүд”, “Тусгаар тогтнол”, “Эх орон тайван байна” зэрэг эх орон, цэрэг эрийн сэдэвт дуунуудыг ард олныхоо зүрх сэтгэлд эгшиглүүлсэн МУСТА, ая зохиогч, дуучин О.Баянмөнхийг энэ сэдвээс салгаж ойлгох аргагүй. Эрхэм дуучны уран бүтээлийн ноён нуруу нь эх орон, тусгаар тогтнол байдаг учраас түүнийг “Эх орны хүү” ч гэж нэрлэх нь бий. Тийм ч учраас энэ сарын 18, “Монгол цэргийн баяр”-ын өдөр дуучин О.Баянмөнх Монгол цэргийн түүхчилж, жүжиглэсэн, тайз дэлгэцийн хослол Монголын анхны 7D аялгуут жүжгийг Соёлын төв өргөөний алтан тайзнаа тоглуулахаар зэхжээ.
Урлагийн тайзнаа анхдагч болж байгаа “Төр үр хоёр минь мөнх оршиг” тоглолтыг УДЭТ-ын Уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулан дэглэх бол Цогт хун тайжийн дүрд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрхуяг, Богд хааны дүрд Гавьяат жүжигчин Ё.Цог, жанжин Д.Сүхбаатарын дүрд С.Энхмөнх, Маршал Х.Чойбалсангийн дүрд Ардын жүжигчин Ж Дашпэлжээ, Ю.Цэдэнбалын дүрд Гавьяат жүжигчин А.Амгаланбаатар нар тогложээ. Тайз дэлгэцийг нэгэн дээвэр дор хослуулах О.Баянмөнхийн тоглолтод Ардын жүжигчин Г.Равдан Гавьяат жүжигчин Ө.Уянга нар уригдаж, уран бүтээлээ хүргэнэ гээд анхдагчаас гадна шинэ содон зүйлээр дүүрэн байх бололтой.
Тухайлбал, “Цогт тайж” киноны Цогт хун тайжийн дүрд 1946 онд нэрт жүжигчин Цагааны Цэвэгмид тоглож байсан бол ийнхүү 76 жилийн дараа түүний хүү Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар тоглож байна. Мөн Монголын тайз дэлгэцийн бүтээлд Х.Чойбалсангийн дүрээр мөнхөрсөн Ардын жүжигчин Ж.Дашпэлжээ, Богд хааны дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн Гавьяат жүжигчин Ё.Цог болон залуу авьяастан, тайз дэлгэцийн суу билэгтнүүд “Төр үр хоёр минь мөнх оршиг” тоглолтын тайзан дээр бултаараа цуглаж, авьяас билгээ асгах аж.
“Төр үр хоёр минь мөнх оршиг” тоглолтыг түмэн олноо хүргэх гэж байгаа О.Баянмөнхөд нэг онцлог давуу тал байна. Тэрбээр 2003 онд СУИС-ийг төгссөн цагаас хойш нийтийн дууны ертөнцөд үеийн залуусын хамт хүч түрэн орж ирж байсан бол удалгүй эх орон, тусгаар тогтнол гээд уран бүтээлийнхээ сэдвийг нэлээд өргөн агуулгатай, хүнд талд нь авч үзэж байсан бол өнөөдөр ийнхүү тайз дэлгэцийн дуулалт бүтээлд өөрийгөө сориод эхэлжээ. Энэ бол тэр бүрий уран бүтээлч хүнээс гарахгүй зориг тэвчээр юм. Өөрийгөө байнга шинэчилж, ирлэж байна гэдэг хувь уран бүтээлчээс гарах маш том зориг юм. Түүнээс бус О.Баянмөнх бусад нөхдийнхөө адил нийтийн дууны ертөнцөд дуулаад байхад болохгүй зүйл алга. Гэвч тэр хувь уран бүтээлчийн зүгээс өөрийг эвдэж, өөртөө байгаа авьяас билгээ шавхан туурвиж байгаад хаа хаанаа талархалтай байна.