Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тодруулбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоо гэсэн уриаг эрхэм болгожээ. Энэ хүрээнд 2022 оны 2 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 6.30-7.30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.
Улс орон даяар өрнөх тус аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явуулах юм байна.