“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд ирэх гуравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд болно. 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус баяр нь гадаад дотоодын олон жуулчин сонирхон оролцдог гэдгээрээ онцлог. Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчид эрс олширч 15000 хүртэл хүнийг хамарч байгаа бөгөөд баярын үеийн хөтөлбөрүүд агуулгын хувьд өргөжиж буй.
Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн зохион байгуулагддаг. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог.