Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлагаа эхлүүлье. Яалт ч үгүй олон нийтийн анхааралд байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр, аж ахуйн нэгж гээд хамрах хүрээ өргөн шүү дээ?
-Бид таван Засгийн газар, гурван парламент дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 13 бүлэг, 166 зүйлтэйгээр өнгөрсөн онд УИХ-аар батлуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр хуулийн хамрах хүрээ өргөжиж, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийг хориглох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой хууль болсон. Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, ажлын бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, дуудлагын цаг зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан. Мөн Хөдөлмөрийн маргааныг агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилан эрхийн маргааныг аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсвэл шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр, сонирхлын маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэх, дараагийн шатанд хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр зохицуулсан.
-Тус хуульд өмнөх хуульд тусгагдаагүй байсан нэлээд хэдэн онцлог заалтууд орсон шүү дээ. Зарим заалтуудаас танилцуулбал?
-Тухайлбал, туслах малчны цалинг өөрөө зөвшөөрвөл 30 хувийг мал, эд зүйлсээр, 70 хувийг мөнгөн хэлбэрээр олгох зэрэг цалин хөлс олгох асуудлыг илүү тодорхой болгож өгсөн. Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр бид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинэлэг заалт оруулж өгсөн. Одоо хэрэгжиж байгаа 25-аас дээш ажилтантай бол нийт ажиллагсдынхаа дөрвөн хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах, ажиллуулаагүй бол төлбөр төлөх заалтууд нь хэвээрээ. Харин дээр дурдсаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахгүй, төлбөрөө төлж чадахгүй байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоотой, эсвэл өөрийнх нь бүтээсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмжсэн зүйл заалт юм. Энэ мэт дурдаад байвал маш олон давуу тал, шинэ зүйл заалтууд бий. Ямартаа ч бид хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд нэг алхам урагшилж чадлаа. Харин одоо хуулийг шат шатандаа хэрэгжүүлэх том ажил эхэлж байна. Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөх, шинээр эхлүүлэхэд саад бэрхшээл, асуудал тулгардаг. Гэсэн ч хэрэгжүүлээд хэвшихээр ажилтан, ажил олгогч хэн хэнд нь хэрэгтэй маш чухал хууль болсон.
-Энэ онд Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиас гадна гадаадад ажиллах хүч гаргахтай холбоотой хууль ирэх долдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн шинэчлэлийн үр дүн юу байх вэ?
-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 20 жилийн дараа шинэчлэгдэн батлагдсан. Гадаадад ажиллах хүч илгээхдээ тухайн улс оронтой хамтын гэрээ байгуулж илгээдэг. Хуулийн төслөө боловсруулахдаа дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг хамгаалах, дотоодын ажиллах хүчийг мэргэшүүлэх зарчмыг тусгаж, боловсруулж батлуулсан. Тухайлбал, Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагаа эрхлэн явуулахад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нарийвчлан тусгалаа. Одоогийн байдлаар манай улсаас БНСУ болон Япон улс руу ажиллах хүч илгээж байгаа. Өнгөрсөн онд БНСУ руу 194 иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр илгээсэн. Тус улсад нийт 5000 орчим иргэн ажиллаж байгаа. Япон улсад 22 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулан ур чадвартай ажилтнаар илгээсэн. Одоо 34 иргэн гэрээгээ байгуулчихсан хилийн хориг тавигдахыг хүлээж байна. Харин манай улсад гадны 90 улсын 6000 орчим иргэн, ААН байгууллагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдний дийлэнх нь барилгын салбарт мөн боловсролын салбарт, ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье. Мөн Төрийн байгууллагын үйлчилгээнд цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, мэргэжил ур чадварыг баталгаажуулах, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг ч мөн оруулсан юм. Үүнээс гадна Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын ажилчдыг мэргэжлийн ур чадвар, түвшин хамааралгүйгээр нэг арга, хэлбэрээр авч ажиллуулж байсан. Шинэ хуулиар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ажилтан нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн гурван төрлийн ажлын байранд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор тусгасан. Ингэснээр нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилчдыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан гадаадаас авах бодлого баримтлах боломжтой болсон. Энэ мэт гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах харилцааг нарийвчлан зохицуулж, тодорхой тусгаж өгсөн хууль юм.
-Нэгэнт хуулийн талаар ярьсных Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг оны өмнөхөн УИХ-д өргөн барьсан.Удахгүй УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх байх. Тэр дундаас тэтгэврийн талаар олон нийт илүү чих тавьж байгаа. Иргэндээ ээлтэй хууль байж чадах уу. Учир нь насаараа ажил хийж нийгмийн даатгал төлөөд тэтгэвэртээ гарч чадахгүй бурхан болох, хэт бага тэтгэвэр тогтоолгож олон жил улсад татвар төлсөн үр шимээ хүртэж чадахгүй зэрэг шүүмжлэлүүд байдаг шүү дээ?
-Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцоогоо өөрчлөх ёстой. Гэхдээ хүн ам, нийгмийн бүтцийн онцлогоо бодолцсон, тэнцвэрийг хадгалсан алгуур шилжилтийг шат дараатай хийх хэрэгтэй. Бид Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиудын төслийг өнгөрсөн онд УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар боловсруулсан.Бусад улс орнууд ч тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийж байна. Шалтгаан нь хүн амын насжилт, тэтгэврийн сангийн тогтворгүй байдал үүсэх зэрэг юм. Энэ нь манай улсад ч бас тулгарч байгаа бэрхшээл. Одоогийн тэтгэврийн тогтолцоо нь зөвхөн улсын менежмэнттэй байгаа бол ирээдүйд хувийн болон улсын олон давхаргат, олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болох юм. Ингэснээр иргэд зөвхөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахаас гадна хувийн нэмэлт тэтгэврийн сангаас тэтгэвэр авах хууль эрх зүйн нөхцөл бий болно. Энэ талаар Дэлхийн банк болон Олон улсын нийгмийн хамгааллын ассоциацын тайланд дурдагдсан. Одоогийн байдлаар 30 гаруй улс орон Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо буюу тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжээд байна.
-Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд өнгөрсөн онд халамжийн журам шинэчилсэн. Энэ онд тодорхой ямар ажлуудыг хийх вэ, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Тийм ээ. Бид өнгөрсөн онд халамжийн журмаа шинэчилж хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайлбал, 200-гаас дээш малтай өрхийг хүнсний талон олголтоос хассан. Угтаа халамжаас шууд хасахдаа гол нь биш, халамжлах ёстойгоо халамжилж, хөдөлмөрлөх чадвартай, өөрийгөө аваад явах боломжтой иргэдээ үүрэгжүүлж, хариуцлагажуулж байгаа юм. Нөгөө талаар энэ дэмжлэгийг авч байгаа хүмүүст тодорхой болзол, шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хоёр жилийн хугацаатай болгосон. Энэ хугацаанд бид таныг хоёр удаа сургая, ажилд зуучилъя. Та нэг удаадаа ур чадвар болон бусад зүйлээс шалтгаалж татгалзаж болно. Дараагийн удаа дахиад сургая, ажлын байр санал болгоё. Тэр үед дахин татгалзвал төр ч гэсэн үүрэг хүлээхгүй. Хүнсний талон олгохгүй. Та өөрөө хичээж ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Гэхдээ үүнийг ялгаж харах хэрэгтэй. Хүнс тэжээлийн дэмжлэг, төрийн халамж үйлчилгээ авах шаардлагатай ахмад, өнчин хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй зорилтот хүмүүстээ тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.Аймаг дүүргийн Засаг дарга нар Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг маш сайн дэмжиж, тухайн зорилтот бүлгийн өрхийн гишүүдтэй ойр ажиллаж хөдөлмөрт зуучилсан. Мөн Хүнсний эрхийн бичиг олгох журмыг шинэчлэн баталж гэрээт дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг байсныг болиулж, НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг 235 мянга орчим хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж цахимжуулсан.
-Ажлын байр санал болгоно, ажилд зуучилна гэх мэт олон санал санаачилга гаргасан нь сайшаалтай. Гэсэн хэдий ч бодит байдал дээр ажлын байр хомс байна шүү дээ. Энэ онд халамжаас хөдөлмөрт шилжих талаар ч тусгасан. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийх вэ?
-Хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн таван үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Засгийн газар болон манай яамнаас 18-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгааг онцгойлон анхаарч хөдөлмөрт бэлтгэх зорилго бүхий “Оролцоо” төслийг хэрэгжүүлж, энэ онд 2300 гаруй залууст ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрт бэлтгэх багц сургалтыг зохион байгуулан 2000 орчим залуусыг ажлын байранд дадлагажуулж, 800-гаад залуусыг ажлын байраар хангаад байна. Энэ тоо цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. “Халамжаас хөдөлмөрт” зорилтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Нийгмийн халамжийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Хуулиудын төсөлд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцааг зорилтот бүлэгт чиглүүлэх, нийгмийн халамж авч байгаа хөдөлмөрийн чадвартай хүнийг хөдөлмөр эрхлүүлэх зохицуулалтыг тусгана.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсронгуй болгоно. Мөн сүүлийн 20 жилийн турш хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо буурсан байна. Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эргэн нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зайнаас буюу цахимаар ажиллах ур чадвар олгох сургалт, дэмжлэгт хамруулах болон хүүхэд харах үйлчилгээний арга хэмжээг зохион байгуулах замаар тэднийг ажилтай болгож, орлогыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийнэ. Мөн ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр орон нутагт ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд ногоон хөгжлийн болон нийтийн төлөөх ажилд ажилгүй иргэдийн оролцох боломжийг хангана. Наад зах нь иргэдийг эх орныхоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, өөрсдийн амьдарч буй орчны нийтийн эзэмшлийн зам, талбайг сайжруулах зэрэг ажлыг бүлгээр эрхлэхийг дэмжиж ажлын байр бий болгоно. Ажилгүйдлийг бууруулах, орлогын дэмжлэг үзүүлэхэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг оролцуулахад онцгойлон анхаарч ажиллахыг зорьж байна.Томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийн ур чадвар, онцлог хэрэгцээг тодорхойлж, ажиллах хүчний нөөцөөр богино хугацаанд бэлтгэн татан оролцуулна.
-Төрийн үйлчилгээг цахимжуулж, цахим үндэстэн болно хэмээн зарласан шүү дээ. Танай салбарын тухайд халамж, даатгалын үйлчилгээ гээд эхнээсээ цахимжаад эхэлсэн. Цаашид иргэдэд хүргэдэг үйлчилгээгээ цахимжуулах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Иргэддээ төрөөс үзүүлж буй үйлчилгээ түргэн шуурхай, ил тод, авлигагүй, хээл хахуульгүй байх гол үндэс нь цахимжуулалт. Тиймээс манай яам цахимжуулалтын ажлыг онцгой анхаарч ажиллалаа. Цаашид ч цахимжуулалтаа эрчимтэй үргэлжлүүлнэ. Нийгмийн даатгал болон халамжмийн олон арван үйлчилгээг иргэд гэрээсээ, гар утаснаасаа авдаг болсон. Одоогийн байдлаар халамжийн 26 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Бас нийгмийн даатгалын дэвтэр цахим болсон. Ингэснээр сар бүр бичилт хийлгэж, нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулах шаардлагагүй боллоо. Мөн ахмадын тэтгэврийн дэвтэр цахимд шилжиж дэвтэртээ бичилт хийлгэж банканд дугаарлах хэрэггүй болсон. Мөн Нийгмийн даатгалын сайн дурын гэрээг цахимаар байгуулах боломжтой боллоо. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нийгмийн даатгалын таван төрлийн үйлчилгээг одоогоор холбоод байна. Иргэд E-Mongolia-гаас хамгийн их авдаг үйлчилгээний эхний хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт орж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 1.4 сая иргэн энэ тодорхойлолтыг цахимаар авсан байна. Хамгийн сүүлд л гэхэд Ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Даатгуулагч гэрээсээ гарахгүйгээр www.ndaatgal.mn цахим хуудсаар хандан ажилгүйдлийн тэтгэмжээ авна гэсэн үг. Мөн Нийгмийн даатгалын тайланг цахим гарын үсгээр баталгаажуулсан бол давхар цаасаар өгөх шаардлагагүй болсон. Тоон гарын үсгээр баталгаажуулаагүй бол жилдээ хоёр удаа тайлангаа өгөх боломжтой. Түүнчлэн лист буюу эмнэлгийн хуудсыг цахимжуулж байна. Энэ сард багтаагаад эрүүл мэндийн хуудсаа цахимаар авах боломж бүрдүүлсэн. Ингэснээр даатгуулагч нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авах боломж нь бүрдэнэ. Эмнэлгийн хуудсаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг энэ жил маш олон даатгуулагч авсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 мянган хүнээр илүү тэтгэмж олгосон нь ковид-19 цар тахалтай холбоотой. Энэ мэтчилэн 2022 онд цахимжуулалтын ажлаа үе шаттай үргэлжлүүлнэ.
-Үүнээс гадна хүүхдийн мөнгө, цалинтай ээжид олгодог мөнгөн тэтгэмжтэй холбоотой болон бусад цөөнгүй журмуудыг шинэчилсэн байсан. Хүүхдийн мөнгө хүүхдэдээ хүрэхгүй байна гэх шүүмжлэл нийгэмд гардаг. Энэ асуудлыг шийдсэн гэж ойлгож болох уу?
-Бид хүүхэд хамгаалал, хүүхдийн мөнгө олгохтой холбоотой тодорхой шинэчлэлүүдийг хийсэн. Өнөөдөр хүүхдийн мөнгийг хамт байгаа асран хамгаалагч нь биш орхиод явсан аав, ээж нь авч байгаа тохиолдлууд цөөнгүй байна. Тиймээс тухайн хүүхдэдээ хүрдэггүй бол хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр хүүхдийн мөнгийг дансанд нь байршуулах, түр зогсоох зэрэг арга хэмжээ авах боломжтой болсон. Энэ мэт илүү шударга, хариуцлагатай нийгмийг бий болгох тал дээр анхаарч байна. Мөн холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулсны дагуу гурав хүртэлх настай хүүхдээ гэртээ асарч байгаа аавууд тэтгэмжид хамрагдах нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 2200 гаруй аав энэ тэтгэмжид хамрагдсан байна.Эцэг эхийн аль нэг нь хүүхдээ хараад гэртээ байгаа бол эцэг эхийн тэтгэмж олгох хууль эрхзүйн орчин нөхцөл бүрдсэн. Хүүхдээ асран хамгаалах нь зөвхөн эмэгтэйчүүдийн ажил биш юмаа гэдгийг харуулж байгаа бодлогын эхлэл юм.
Хүүхдийн мөнгө олгох журмаас гадна Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардлыг тооцох аргачлал”, “Хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам”, “Нийгмийн ажлын үйлчилгээний стандарт” зэрэг олон журмыг шинэчилсэн. Ингэснээр төлөвлөлт, санхүүжилт, хамгааллын ажил үйлчилгээг бодит эзэнд нь үзүүлэхэд чухал нөлөөтэй. Наад зах нь хаана ямар хэрэг илүү гарч байна, хаана хүүхэд хамгаалал илүү хэрэгтэй байна тэнд нь санхүүжилтийг нь илүү олгох гэх мэт зөв, шударга хуваарилалт бий болох юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
П.Батзаяа