Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд, Эрээний боомт хэзээ нээгдэх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр Гадаад харилцааны дэд сайдын хувиар, төрийн байгууллагын төлөөлөл, Эрээн хотын ерөнхий консулын хамтаар ачаатай чингэлэг шилжүүлэх туршилт хийлээ. Эрээний талаас ачаатай чингэлэг оруулж ирээд кальмараар шилжүүлэх зохион байгуулалтыг газар дээр нь шалгалаа.
Арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 20 хоногийн дотор бэлтгэл хангах тохироо хийсэн. Бид бэлтгэлээ хангасан, өчигдөр туршилт хийсэн. Өнөөдөр бичиг цаасны ажлаа дуусгаад, маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ.
Маргаашнаас эхлэн вирус илрэхээс өмнөх Монголоос Эрээний талд гарсан байсан 150 орчим ачаатай машиныг гаргана. Өөрөөр хэлбэл чингэлэгт шилжүүлэхгүйгээр автомашинтай ачааг гаргана. Үүний дараа чингэлэг тээвэрлэлт хийгдээд явна” гэлээ.