Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах тухай зарлиг гаргалаа

2021 оны 11-р сарын 29 өдөр, 14 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
259640911_3190265771206753_7020548467843583538_n

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулах тухай зарлиг гаргалаа.

Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Санхүү төлөвлөлт, хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа нарт өнөөдөр гардуулан өгөв.

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулснаар Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, Үндсэн хуулиа сахин мөрдүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаг, тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахдаа хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг анхлан хийсэн бөгөөд Ази тивдээ тэргүүнд орох анхдагч бичмэл Үндсэн хууль байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх