“Утгын чимэг” наадмын III байрын өгүүллэг -“Зүүдэлсэнгүй явлаа”

2021 оны 11-р сарын 24 өдөр, 19 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
247951258_1596127680724763_867249114334786877_n

“Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын гуравдугаар байрын эзэн, Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” өгүүллэгийг та бүхэнд толилуулж байна.

“ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА”

​​​​​​​​​​ Улирал солигдож урин цаг цаашилж намар болоход Сэндмаа угаасаа дургүй. Өдөр өдрөөр салхины үзүүр сэрүүсч, саяхан ногоон байсан газар дэлхийн өнгө нэг л өглөө ажихнээ хул шаргал болжээ. Оройноос сумын төвөөр хөл хөдөлгөөн, хүн зон ихтэй, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд шуугилдаад сумын төв амь орсон мэт. Гэвч Сэндмаа намар намарт гунигладгаараа гунигласаар явлаа.

​Удахгүй төвөөс дэд сайдаар ахлуулсан баахан зочид төлөөлөгчид ирэх сураг Сэндмаагийн чихийг дэлслээ. Сумын Засаг дарга:

-“Сэндмаа эмч ээ! Энэ дэд сайд чинь танай ангид байсан гээ биздээ. Ангижавыгаа сайхан хүлээж аваарай. Сум орны нэр төртэй холбоотой шүү“ гэж албархах, аминчирхах хоёрын завсар хэллээ. Сэндмаа хариу хэлсэнгүй. Гэвч сэтгэл зүрх нь “Сэрээнэн минь дээ Сэрээнэн минь! Залуу халуун насны минь хайр сэтгэл, хамаг нандин бүхэн чи л байлаа шүү дээ” хэмээн хашхичин байлаа. Нээрэн одоо ямар болоо бол, зурагтаар хааяа гарахыг нь харвал надаас хамаагүй залуухан, их толиотой харагдах юм билээ. Хот газрын том дарга хүн арга ч үгүй биз дээ. Таних болов уу? Таних нь таних байх. Намайг хааяа ч гэсэн дурсдаг болов уу? Уулзаад юу ярина аа?! Хэрэв надтай яривал өнгөрсөн бүх явдлыг ярих юмсан. Өөрийгөө өмөөрсөн болох юм болов уу? За за байдлаасаа л болъё гэж элдэв янзын асуулт өөртөө тавьсаар хэд хонов. Байн байн толинд харна. Үснийх нь угнаас бууралтаж, насаараа хөдөө суманд ажилласан нөгөө л муу Сэндмаа. Гоёж гоодохыг мэдэхгүй өдрийн өнгө, өө сэв хайгаад байдаггүй гүндүүгүй эр хүний хань болоод 30-аад жилийн нүүр үзэж гурван сайхан хүүхдийн ээж болжээ. Толинд харах бүрийд нэг их гунигтай нас нь талийсан хөгшин авгай.

Сэндмаа бодлоо. Би ерөөсөө намрын намарт гуниглаж, хаврын хаварт сэргэдэг их хачин сэтгэлтэй хүн. Тийм учраас л их гунигтай харагдаж байгаа байх. Тэтгэвэрт арай ч гараагүй байна. Үеийн нөхдүүд сайд, дарга хийгээд гялалзаж явахад арай ч болоогүй шүү гэж өөрөө өөртөө хүч нэмэхийг оролдлоо.

Сэрээнэнд мөн ч хайртай байж билээ. Гэтэл сургууль төгсдөг тэр хавар Сэрээнэн сургуулиас хөөгдөхөөр болов. Сургуулийнх нь нэг багш Сэрээнэнтэй гудамжинд халамцуу тааралдаж элдэв ааш гаргаж дээрэлхээд байхаар нь хүчтэйхэн түлхсэн юмсанж. Гэтэл тэр багш нь хөдөлж чадахгүй болтлоо зодуулсан хэмээн гомдол гаргаж “Багшаа зодсон”хэргээр ямар ч маргаангүй сургуулиас хөөгдөхөд хүрэв. Сэрээнэн бөөн гуниг, Сэндмаа бөөн нулимс болсонсон. Энэ үед Сэндмаа бодож бодож Сэрээнэнд хэлэлгүй нөгөө багш дээр явж очив. Оройхон сургуулийн коридор нам гүм. Багш ширээнийхээ ард тонгойн ямар нэгэн зүйл хичээнгүйлэн бичиж суулаа.

-Орж болох уу? Багшаа

-За ор ор. Ийм орой ямар хэргээр яваа билээ?

-Би хүүхдийн эмчийн төгсөх курсын оюутан Сэндмаа байна. Гол нь би тантай өөрийнхөө тухай биш. Найзынхаа тухай л ярих гэж ирлээ.

-Чиний найз чинь хэн юм?

-Сэрээнэн гэдэг бас төгсөх курсын оюутан.

-Аа нөгөө хулигаан нөхөр үү? Тэр бид хоёрын хооронд яриа дууссан. Би одоо тэр нөхрөөс чинь болоод эрүүл мэндээрээ хохироод байна.

-Үгүй багш аа ойлго л доо.

-Ойлгоод байх юм байхгүй. За би чамайг ойлголоо гэж бодъё. Тэр нөхрийг яаж ойлгох вэ?

-Багш аа тэр хүүхэд бүтэн 6 жил сурчихаад одоо сургууль ч үгүй, юу ч үгүй боллоо шүү дээ.

-Тэр яахав ээ. Бид нар ийм хүмүүжилгүй оюутан төгсгөөд байвал тэрнээс чинь илүү хор уршигтай.

-Харин чи сайн хүүхэд юм. Найз нөхдийнхөө төлөө ингээд явж байдаг. Хаалгаа хаачих наашаа суу! Ийм сайн, бас хөөрхөн охиныг ойлгож болноо гэсээр дэргэд ирсэн. Яг тэр мөчид нар шингэх шиг болж билээ.Тэр тухай бодохыг ч хүсдэггүй боловч гучин жил хар дарсан зүүд шиг сэтгэл зүрхнээс салсангүй. Тэр багшийн энэ үйлдэл хэд хэд давтагдсан. Тэнэг зоригтой юм шиг хирнээ, хачин аймхай намайг хорвоо ингэж шийтгэсэн дээ. Багшийн өрөөгөөр орж гарсан тухай ангийн охид жиг жуг гэлцэж, энэ тухай Сэрээнэн сонсож хэл үггүй хулжин одсон. Гэхдээ тэр анагаахын дээд сургуулийг амжилттай төгссөн төдийгүй өнөөдөр бүр сурагтай эр хүн, суудалтай том сайд дарга болжээ.Сэндмаа энэ явдалд зөвхөн өөрийгөө буруутган зүхэж төрж өссөн буйдхан энэ нутагтаа ирж амар жимэр амьдарсан ч зүрхнийх нь шарх хөндүүр хэвээрээ явааг тэр сүүлийн өдрүүдэд олж мэджээ.

Дэд сайд иржээ. Тэр сургаар охин хонгор насаа өгсөн болоод ч тэр үү Сэндмаа нэг л догдлонгуй болжээ. Төдөлгүй сумын засаг дарга Сэндмааг дуудуулжээ. Сумын засаг даргын өрөөнд дэд сайд дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар сууж байлаа. Сэндмаа дотроо их л догдлон сайдтай гар барин мэндлэв. Энэ гараар мөн ч их энхрийрүүлсэндээ гэж тэрхэн зуур бодож амжлаа. Зүрх нь хүчтэй цохилж сэтгэл нь ихэд хөдөлжээ. Харин сайдын сэтгэл санаанд юу ч байхгүй бололтой.

“Сэндмаа” гэдэг содон нэрийг чинь санаж байна. Дүр төрх чинь бол алга байна шүү! Их өөрчлөгдөж. Хотын гудманд бол ангижавыгаа танихгүй юм байна” гэсээр дэргэд байгаа сандалд суухыг урилаа.

Юу юу гэнэв? Олон хүний дунд ингэж байгаа байлгүй гээд дэд сайдын өөдөөс харлаа. Түүний хуурамч инээмсэглэл тодруулсан малигар царай, хүйтэн харцнаас тэр бүгдийг ойлголоо.Ийм хүнийг хүртэл ивээж л явдаг хорвоо юмсанжээ. Сэндмаа насаараа үзэн ядсан өвгөн багшид талархах өдөр ирнэ чинээ зүүдэлсэнгүй явлаа.

Улаанбаатар хот

2021.11.07

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх