Монгол Улс Оросын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын хамтын ажиллагаанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүмүүсийг Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэр бүхий 19 эрхмийг шагнахаар шийдвэрлэжээ. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө гардуулсан. Тэрбээр “Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ нийслэл Улаанбаатар болон Москва, Новосибирск, Эрхүү, Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Түүнчлэн бид Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, нийслэл хотын бүтээн байгуулалтад Оросын ард түмний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Цаашид та бүхнийг хоёр улс болон хотуудын хамтын ажиллагаанд оруулах хувь нэмрээ бататган ахиулахын сацуу хойч үеийн хүүхэд, залууст хоёр улсын нандин харилцааг уламжлуулан, харилцааны цаашдын хөгжлийн суурийг улам батжуулахыг хүсье” хэмээсэн юм.
Шагнал авсан иргэдийн дунд монгол судлалаар 30 гаруй жил ажиллаж байгаа монгол судлаач Юрий Николаевич Кручкин, жил бүр 600 орчим монгол иргэнийг ОХУ-д тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулж буй Борисова Даяна Викторовна болон Монголын сэтгэцийн эрүүл мэндийн салбарт 31 дэх жилдээ ажиллаж буй Казанцева Елена Николаевна нар багтжээ. Мөн орос хэлний багш, орос судлаач монголчууд багтаж байлаа.
Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнуулсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Казанцева Елена Николаевна “Өнөөдөр шинийн 15-ны билэгт сайн өдөр энэ нэр хүндтэй шагналыг нийслэлийн удирдлагуудаас авч байгаадаа туйлын баяртай байна. Орос, Монгол улсын харилцаанд бидний оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн хүндэт тэмдгээр шагнаж байгаад маш их баярлалаа. Бид бүгд нийслэл хотын иргэд. Нийслэл хотоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ч.Батдорж “Сүүлийн арав гаруй жилийн турш Монголын түүх, тэр дундаа Орос-Монголын харилцааг сонирхон судалгаа хийж байна. Энэ хугацаанд хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. 1960-аад оноос хойших Монгол дахь Оросын консулын үйл ажиллагаа, Монгол дахь оросуудын талаар түлхүү сонирхож, судалгаагаа хийдэг. Энэ чиглэлээр цаашид ОХУ болон Монгол Улсад байгаа архивын шинэ баримтуудыг илрүүлэн, судалгааны бүтээлдээ ашиглахыг зорьж байгаа” гэв.