Монгол Улсын Ерөнхийлөгч Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ

2021 оны 11-р сарын 19 өдөр, 15 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zuvluh1

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

“Эрхэм зочид төлөөлөгчид, баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид ээ!

Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үед төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжиж, ачааны хүндийг үүрч ирсэн баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Өнөөдрийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум дэлхий дахинаа цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үед болж байна.

Энэхүү хүнд цаг үед бүхий л боломжоо дайчлан бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхэнд Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүний хувьд талархал илэрхийлье.

“КОВИД-19” цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш 2 жил орчим болж байна. Энэ аюулт цар тахал нь та бидэнд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах шаардлагыг тод санууллаа.

Цар тахлаас үүдэлтэйгээр манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний 9 сарын байдлаар 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ.

Эдийн засгийн энэхүү тодорхой сэргэлтэд баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхний хүчин чармайлт багагүй нөлөө үзүүлснийг энд цохон тэмдэглэж байна.

Төр, засгийн зүгээс 2020 оны эхнээс эдийн засгийг дэмжихэд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхөд тодорхой хувь нэмэр үзүүлсэн.

Тухайлбал, Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь манай улсын эдийн засгийн чадавхтай харьцуулсан байдлаараа дэлхийн зарим хөгжилтэй орнуудаас ч өндөр байгааг олон улсын байгууллагууд онцолж байна.

Зөвхөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд өнөөдрийг хүртэл 4 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж, 290 орчим мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацааны чамлахааргүй үр дүн юм.

Гэхдээ эдийн засгийн сэргэлт нь эмзэг хэвээр байгааг бид анхаарах ёстой. Цаашид бид засаж залруулах, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгчдээ дорвитой дэмжих бодит шаардлага байсаар байна.

Тухайлбал, иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хил гаалийн хүндрэлийг яаралтай шийдвэрлэх, экспортыг сэргээх, хөгжлийн төслүүдээ эрчимжүүлэх, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчдээ түлхүү хамруулах, дотоодын худалдан авалтыг хөхиүлэн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн бизнесийн орчныг эрс сайжруулах, түүн дотроо тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах, цахим шилжилтэд онцгой анхаарах шаардлагатай.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид рүү чиглэсэн санхүүгийн тогтолцоогоо эрс сайжруулж, хямд, хүртээмжтэй санхүүгийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцтэй байдлаар хөгжүүлэх асуудал чухал байна.

Баялаг бүтээгчид Та бүхэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалт, Импортоос экспортод шилжих болон Цахим шилжилт зэрэг суурь зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

Түүнчлэн баялаг бүтээгчид Та бүхэн дунд хугацаанд ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарахыг уриалж байна.

Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт”-аар дээрх зарим асуудлуудыг тунгаан хэлэлцэж, санал, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Их Хурал, Засгийн газарт чиглэл болгон хүргүүлсэн.

Өнөөдрийн энэ форумаас гарах санал, зөвлөмжийг Монголын төр онцгой анхаарч үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ гэдгийг Төрийн тэргүүний хувьд онцлон тэмдэглэж байна.

Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгаа эрчимжүүлэхэд хүн амаа бүрэн дархлаажуулж, төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.

Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгч Та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг цохон тэмдэглэж байна.

Өнөөдрийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх хөх тэнгэр монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх