Т.БАТБОЛД : Цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсоох “ХЯНАЛТ” аяны хүрээнд нийт 102 фэйсбүүк группыг устгуулах хүсэлтийг хүргүүлсэн

2021 оны 11-р сарын 16 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
batbold

Цагдаагийн Ерөнхий газраас ХХЗХ, УЕПГ, Монголбанктай хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд ХХЗХ-оос ямар ажлууд хийгдэж байгаа талаар  ХХЗХ-ны интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдоос тодрууллаа.

 ХХЗХ-оос цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсооход ямар ажлууд хийгдэж байна вэ? 

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар, бусад холбогдох эрх бүхий байгууллагууд цахим орчин дахь контентыг хууль зөрчсөн эсэхийг тогтоодог бөгөөд тухайн хууль зөрчсөн хаяг, контентыг хязгаарлах албан шийдвэр, дүгнэлтийг ХХЗХ-д ирүүлдэг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байгаа цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоох зорилго бүхий “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд хамтран оролцож байна. Энэ хүрээнд ЦЕГ-аас ирүүлсэн албан шийдвэр дүгнэлтийн дагуу цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 132 вэб сайтын хандалтыг хязгаарласан.

Түүнчлэн мөрийтэй тоглоом зохион байгуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Иймд тус аяны хүрээнд фэйсбүүкээр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 102 группыг устгуулах хүсэлтийг Фэйсбүүкт хүргүүлээд байна. Фэйсбүүк компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

ХХЗХ-оос хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг вэб сайтуудыг хэрхэн хянаж, арга хэмжээ авдаг бэ? 

Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд нь гомдлын дагуу хууль зөрчсөн контентыг шалгах процессыг эхлүүлдэг. Энэ бол ардчилсан улс орны хувьд зүйтэй тогтолцоо юм. Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд аливаа төрлийн контентыг хууль зөрсөн эсэхийг тогтоодог байгууллага биш гагцхүү эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн дагуу технологийн арга хэмжээ авч дэмжлэг үзүүлэн хамтран ажилдаг байгууллага юм. Энэхүү процессын дагуу тус хороо нь 2013 оноос холбогдох технологийн арга хэмжээг авч ажиллаж байна.
Цахим орчны онцлогоос хамаарч холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа хурдан шуурхай байх шаардлагатай. Иймд ХХЗХ-оос албан бичиг солилцооны системийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь цахим гарын үсэг ашиглан албан бичгийг түргэн шуурхай солилцож, хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж өгсөн.

Мөн мөрийтэй тоглоомын веб сайтуудын сервер нь гадаад байршдаг учраас тухайн вэб сайтын эзэмшигчийг олоход хугацаа их шаардагддаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх