ТОГТОХЫН ЧОЙЖИЛСҮРЭН
(1931-2021)
Монгол улсын гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч Тогтохын Чойжилсүрэн 2021 оны 10-р сарын 31-ны өдөр таалал төгсч, Монголын тайз дэлгэцийн урлагт хүнд гарз тохиолоо.
Нэрт жүжигчин Тогтохын Чойжилсүрэн нь 1931 онд Завхан аймгийн Идэр суманд мэндэлжээ. Т.Чойжилсүрэн нь 1938 онд Идэр сумын бага сургууль, 1946 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль төгсөөд 1950 онд аймгийнхаа клубт орж дуу, бүжиг, хөгжмийн тоглолтуудад оролцон урлагийн гараагаа эхэлж, 1953-1960 онд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт, 1960-1991 онд Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллажээ.
Тэрээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт ажиллахдаа Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжгийн Нансалмаа, Л.Ванганы “Эмч нар” жүжгийн Бүрнээ эмч, “Урагшлах замд” жүжгийн Тогтохмаа, “Тожоо жолооч” жүжгийн Бадам, Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Алимаа, Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын “Цогийн идэр нас” жүжгийн Нямаа, Н.В.Гоголийн “Байцаагч Түшмэл” жүжгийн Мария Антоновна зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүр, 1960 оноос Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллахдаа А.Очирбатын “Баавгай дуулах уу” жүжгийн Алтан гургалдай, Д.Намдагийн “Шинэ зам” жүжгийн Дарьлхам, Б.Явуухулан, Н.Дугарсанжаа нарын “Ялалтын жигүүр” жүжгийн Шоовдор, Л.Ванганы “Хувиа бодогчид” жүжгийн Сономханд, “Жирийн хүмүүс” жүжгийн Эгч, Д.Батбаярын “Гэгээ” жүжгийн Дэнсмаа, “Хайрыг хайрла” жүжгийн Эмээ, З.Гүнсэн, З.Гүнсэн, О.Бямбажав нарын “Хүний бодол өөр болжээ” жүжгийн Булгамаа, В.Пановагийн “Гэнэн залуу нас” жүжгийн Зина, Ч.Нацагдоржийн “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Тагнуулч туулай, Б.Гүрцэрэнгийн “Шунал” жүжгийн Янзага, А.Линдгрений “Карлсон жаалхүү хоёр” жүжгийн Фрекен Бок, С.Маршакын “12 сар” жүжгийн Дагуул охин, 4-р сар, С.Михалковын “Бардам туулай” жүжгийн Туулай, У.Шекспирийн “Ромео Жульетта хоёр” жүжгийн Хатагтай Капулетти, М.Шатровын “Хувьсгалын нэрээр” жүжгийн Лениний нарин бичиг зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн жүжгийн 60 гаруй дүрийг чадварлаг бүтээсэн нэрт жүжигчин юм.
Тэрээр тайзны дүрийн шилдэг мастер төдийгүй монголын кино урлагт хүчээ сорьж, Ж.Бунтарын “Үүрийн цолмон” киноны Должин, “Гарьд магнай” киноны Дондогдулам хатан, Д.Жигжидийн “Хойт эх” киноны Хадам ээж, Б.Сумхүүгийн “Говь хянганд тулалдсан нь” киноны Цэвэлмаа, Г.Жигжидсүрэнгийн “Зарлаагүй дайны оршил” киноны Балжир, Л.Нацагнямын “Бор чоно” киноны Паажий эмгэн, Ш.Цэцэгийн “Еэ еэ шар Буд” киноны Будын эмээ, Д.Золбаярын “Ээждээ л үнсүүлэхсэн” киноны Ерөөлийн ээж, Чингисийн хүүхдүүд” киноны Ханд, Ц.Хүсэлбаатарын “Зугтаарай” киноны Эмгэн, Б.Дамдинсүрэн, Ч.Билгүүн нарын “Мөрдөгч” олон ангит киноны Сүрэн эмээ, Д.Цогтын “Ус дээшээ урсдаг” олон ангит киноны Цэнд эмээ зэрэг 20 гаруй кинонуудын гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж, ард түмэндээ хайрлагдсан жүжигчин байлаа.
Т.Чойжилсүрэн нь нь Улсын хүүхэд залуучуудын театрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон арван шилдэг дүрийг тайз, дэлгэцийн дүр бүтээсний учир Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд болон Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж, 2014 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн юм.
Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин Тогтохын Чойжилсүрэнгийн дүр бүтээх арвин их туршлага, цуцашгүй их хөдөлмөр, авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүр төрхийг үеийн үед дурсан санаж явах болно.
Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын
Захиргаа, Уран сайхны зөвлөл,
Театрын хамт олноос.
2021.11.02