Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажил болоод үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй 36 төсөвт байгууллага байснаас судалгааны дагуу хоёр эмнэлэг, зургаан цэцэрлэг, долоон сургууль, нэг халаалтын зуухны дулааны шугам сүлжээний засварын ажлыг бүрэн дуусгажээ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, авто замын засвар шинэчлэлтээс үүдэлтэй ухсан нүх, сэтэлсэн зам, гарцыг засаж, бүрэн дуусгах үүргийг Хотын дарга өгсөн. Үүний дагуу инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засаж дуусгажээ. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 98.9 хувьтай биелээд байгааг шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.
Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулж, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүргийн дагуу 848 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ. 218 зөрчил илэрсний дотор 115 жолоочийн бүхээгт хаалт хийгээгүй байсан бол 50 жолооч амны хаалт зүүгээгүй, автобуснуудад гар ариутгагч тавьдаггүй, гадна цэвэрлэгээ хангалтгүй байжээ. Эдгээр нийтлэг зөрчлүүдийг цаашид давтахгүй байхыг анхааруулсан байна.
Гэртээ эмчлүүлэгчдийн тоо буурч байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд онцгойлон анхаарал хандуулдаг сэдэв бол “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнгөрсөн 42 дахь долоо хоногийн мэдээллийг хүргэлээ. Тус долоо хоногт халдварын 2954 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 41 дэх долоо хоногоос 7.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэртээ эмчлүүлэгчдийн тоо 34-38 дахь долоо хоногт эрчимтэй өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногуудад аажмаар буурч эхэлснийг тодотгож байлаа.
Дархлаажуулалтад оролцож буй иргэдийн идэвх төдийлөн нэмэгдэхгүй байна. Тиймээс явуулын багийг байнга ажиллуулж байгаа юм. Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 70 багийн 300 гаруй эмч ажиллаж байна. Аравдугаар сарын 23-ны бямба гарагт л гэхэд явуулын багийнхан хоёр их сургуулийн 115 оюутан, нэг байгууллагын 123 албан хаагч, гэрээр 84 хүнийг дархлаажуулсан. Өссөн дүнгээр 13 их, дээд сургуулийн 1918 оюутан, 16 байгууллагын 1384, гэрээр 2021 /үүнээс хөгжлийн бэрхшээлтэй болон гэрийн асаргаанд байдаг 707/ нийт 5323 иргэнийг явуулын багаар дархлаажуулсан байна. Дархлаажуулалт хэвийн өрнөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 36 баг, 35 суурин цэгээр 71 багийн 310 эмч, ажилтан 4798 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүллээ
Газар зохион байгуулалттай холбоотой зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх ажлыг нийслэлд эрчимтэй зохион байгуулж буй. 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлээд байгаа бөгөөд цаашид зөвшөөрөлгүй эзэмшсэн 7.5 га газрыг чөлөөлөх юм байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 960 гарааш, чингэлгийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Хотын төвд хийж, хэрэгжүүлж буй газар чөлөөлөх ажлыг он дуустал үргэлжлүүлэх юм. Үүнтэй зэрэгцэн хотын алслагдсан дүүргүүдэд түгээмэл тархалттай ашигт малтмал буюу элс, шавар, хайрга зэргийг зөвшөөрөлгүй олборлодог. Налайх дүүрэгт элс, шар шавар гар аргаар олборлосноос болж 200 га орчим газар сэндийлэгдэж үлдсэн. Сонгинохайрхан дүүрэгт мөн зөвшөөрөлгүй олборлолтын улмаас асуудал нь шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн тохиолдол бий. Эдгээр асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд санууллаа. Түүнчлэн энэ онд багтаан зуслангийн бүсийн дахин төлөвлөлтийг боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд хуульд нийцүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн байх ёстойг үүрэг болгосон юм. Мөн Улаанбаатар хотын ундны усны хилийн цэсийг шинэчлэх ажил хийж байна.
Алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ямар байгаад шалгалт хийхийг даалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний үеэр онцлон хэд хэдэн зүйлсийг удирдах ажилтнуудад сануулав. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн, амьдралд хэрэгжихүйц төлөвлөх шаардлагатайг Хотын дарга тодотгов. “Өмнөх ерөнхий төлөвлөгөөний биелэлт 30 хувьтай хэрэгжсэн бол шинэ ерөнхий төлөвлөгөөний биелэлт ирээдүйд дор хаяж 80 хувьтай байх ёстой. Эдийн засгийн зөв тооцоолол, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн, зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн нөхцөл зэрэг бүхий л үзүүлэлтүүд, тооцооллыг нарийвчлан бодит амьдралд хэрэгжихээр төлөвлөгөөг боловсруулна гэдэгт итгэж байна” гэлээ.
Түүнчлэн Эрээн боомт хаагдсанаас болж, өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа барилгын материалын үнэ өсөж, асуудал үүсгэж байгаа. Энэхүү үнийн өсөлт, хөөрөгдөлт нийслэлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил үйлчилгээнд саад учруулсан тохиолдол байгаа эсэхийг нягтлан хянах, “Ковид-19” халдварт тахлын эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы үнэ өсөхөөс сэргийлэх, ялангуяа алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ханш ямар байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт шалгалт хийхийг даалгалаа.
Мөн Хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
-Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах.
-Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах.
-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах зэргийг онцлов.