Монгол Улсын визийг өмнө нь зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр визийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр олгох талаар тусгасан юм. Үүний дагуу Монгол Улс дэлхийн 36 орны иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох /K4/, дамжин өнгөрөх /K6/ ангиллын цахим визийг энэ сарын 1-ний өдрөөс олгож эхэллээ.
Цахим виз мэдүүлэх гадаадын иргэд нь https://evisa.mn/ системээр цахим визийн мэдүүлгийг үнэн, зөв бөглөн, төлбөрөө төлөх бөгөөд виз мэдүүлгийн баримт бичиг хянагдсаны үндсэн дээр ажлын гурав хоногт хариугаа авах боломжтой болж байна. Цахим виз нэвтэрснээр заавал цаг авах, дараалал хүлээх шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч интернэт сүлжээнд холбогдон виз мэдүүлэх боломж бүрдлээ. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхээс гадна Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах томоохон хөшүүрэг болох юм.
Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн системийг нэвтрүүлээд байна.