Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль Ардын хувьсгалын 100, Орчин цагийн зэвсэгт хүчний 100, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100, чөлөөлөх дайны 76 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн төвд боллоо.
“Сэлэнгэ-2021” хээрийн сургуулийн үйл явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Ерөнхий сайд “Монгол Улс, Оросын Холбооны Улсын дипломат харилцааны 100 жилийн ой тохиож буй цаг үед “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдаж байгаа нь түүхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Мөн энэ жил сургуулийг “Терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулах” сэдвийн дор явуулсан нь хоёр улсын Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, болзошгүй террорист үйлдлийн эсрэг сөрөг ажиллагаанд бэлтгэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулахад ихээхэн ахиц гарсан гэв.
Хоёр улсын хамтарсан хээрийн сургуулийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иксандер Кубарович Азизов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Цэрэг, агаарын цэргийн атташе Анисов П.Г, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн орлогч дарга Носулев М.Я нарын албаны хүмүүс танилцлаа.
“Сэлэнгэ 2021” хээрийн сургуульд Монгол Оросын 1600 гаруй цэргийн алба хаагч байлдааны 300 гаруй текник, хэрэгсэл, МИ-24 загварын найман нисдэг тэрэгтэй оролцлоо. Хээрийн сургуулийн зорилго нь хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулахад туршлага солилцох, хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэл явуулах үеийн удирдлага, харилцан ажиллагаа, бүх талын хангалтыг зохион байгуулах захирагч, штабын дадлагыг төгөлдөржүүлэхэд чиглэлээ. Хээрийн сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга Бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн орлогч хошууч генерал Абдулхаджиев Р. М нар удирдав.
“Сэлэнгэ 2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Дархан 1, 2, 3” сургуулиас үүсэлтэй юм байна.