Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2021 оны 09-р сарын 17 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eMj6QkdewXS1lOCwQvwy

Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд бусад албаны хүмүүсийн хамт Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Түүхэн ойг тэмдэглэхийн утга учир нь өнгөрсөн түүхээ эгнэгт үл умартаж, өрнөх ирээдүйгээ бүтээхийн төлөө өнөөдөр хичээнгүйлэн зүтгэхэд оршдог. Ю.Цэдэнбал нам, улсыг хагас зуун жил тэргүүлэхдээ хүйтэн дайны хүнд бэрх цаг үед төрийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлэн хадгалж чадсан төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг хөгжүүлсэн билээ.

Ю.Цэдэнбал Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх талаар тууштай зүтгэл гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Монголын төрийн удирдагчдаас анх удаа үг хэлсэн төдийгүй 16 жил үргэлжилсэн ухаалаг гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ-д элсч, үе үеийн эх орончдын мөрөөдөл болсон тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Нэгэн зууны тэртээ хатан зоригт эх орончдын байгуулсан Монгол Ардын Намыг Ю.Цэдэнбал дөч гаруй жил удирдахдаа цаг үеийнхээ сорилт бэрхшээлийг хамтын зүтгэл, холч ухаанаар даван туулж, хөгжин мандсан Монгол Улсыг үлдээсэн түүхтэй. Түүний удирдлагын он жилүүд буюу 1940-1984 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 244 дахин, 1976-1986 онд уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн 18.7 дахин өсчээ. Аж үйлдвэржүүлэх бодлогын үр дүнд Эрдэнэт, Дархан зэрэг үйлдвэрийн цогцолбор хотууд баригдаж, олон арван үйлдвэрүүд ашиглалтад орж, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоосон билээ” гэв.

Харин “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын Академи”-ийн Ерөнхийлөгч дэд Ерөнхийлөгч Т.Жаргалсайхан “Академи үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Ю.Цэдэнбалын улс орноо хөгжүүлэхэд байгуулсан гавьяа зүтгэл, ажил амьдралыг тусган харуулсан цуврал 10 боть ном, судалгааны чиглэлээр 58 ном, 70 өгүүлэл, 8 удаагийн эрдэм шинжилгээний хурал, цуврал баримтат кино зэрийг олны хүртээл болгосон. Цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэн Ю.Цэдэнбалын гэр музей байгуулж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой ажиллаж байна” гэв.

Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалд  хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх