УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцанд Японы Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонг гардууллаа

2021 оны 09-р сарын 09 өдөр, 14 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1756d27b-7c67-46d3-9e13-619493e73602

Монгол Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Данзангийн Лүндээжанцанд Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонг гардуулан ёслолын ажиллагаа өнөөдөр (2021.09.09) боллоо.

Япон Улсын Засгийн газраас Рэйвагийн гуравдугаар он буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 2021 оны хаврын одон гардуулах Япон болон гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарласан юм.

Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрхэм үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, Монгол Улсын иргэн, Монгол төрийн дархан түшээ Данзангийн Лүндээжанцанд төрийн дээд шагналаа ийнхүү хүртээжээ.

Д.Лүндээжанцан нь 1990 оны Улсын Бага Хурлаас эхлээд завсаргүй 30 жил парламентын гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажилласан билээ. Тэрбээр 2000 оноос хойш 20 жилийн турш Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө зүтгэсэн төрийн түшээ юм.

Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонг гардуулах ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, “Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойн босгон дээр Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонгоор шагнаж буйд талархал илэрхийлье. 1990 оноос хойш зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Японы Засгийн газар, ард түмний сэтгэлийн хандив тусламжаар боловсрол, эрүүд мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүчний салбарын олон салбарын асуудлыг шийдэж байсан. Мөн Японд байгалийн аюулт гамшиг нүүрлэхэд Монголын ард түмэн сэтгэлийн дэмжлэгийг үзүүлдэг. Энэ сайхан нөхөрсөг харилцааг хөгжүүлсэн хагас зуун жилийн 30 жилд нь өөрийн хувь нэмрийг оруулсандаа баяртай байна” хэмээгээд баярын мэндчилгээ илгээсэн Япон Улсын парламентын гишүүдэд талархал илэрхийлэв.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрхэм үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, Монгол Улсын иргэн, Монгол төрийн дархан түшээ Данзангийн Лүндээжанцанд төрийн дээд шагналаа хүртээсэн Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан болон Японы Засгийн газар, ард түмэнд гүн хүндэтгэлээ илэрхийлье.

Манай нэрт хуульч, туршлагатай парламентч  Д.Лүндээжанцан нь хоёр улсын парламент хоорондын болон парламентын гишүүдийн ажил хэрэгч, ойр дотно харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламентат ёс, ардчилсан засаглалыг бэхжүүлэхийн төлөө чин шударга хүчин зүтгэсэн төрийн түшээ хэмээн бид бахархан хүндэлдэг. Энэхүү бахархал маань Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монголын ард түмний итгэлт түнш Япон Улсын энэ эрхэм дээд шагналаар баталгаажсанд бид туйлын баяртай байна. Бат бөх итгэлцэл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан Монгол, Японы харилцааг цаашид бие биеэ түшиж тэтгэсэн, харилцан ашигтай хэлбэрээр улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлье. Үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагууд урьдын адил чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлон тэмдэглэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяа зүтгэлийг Япон Улсын Эзэн хаан, Засгийн газар өндрөөр үнэлж, “Мандах наран” одонгийн дээд зэрэглэл буюу “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор одонгоор нэрт хуульч, парламентч Д.Лүндээжанцанг шагнасанд баяртай буйгаа илэрхийллээ.

Мөн ёслолын үйл ажиллагааны үеэр Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулсантай холбогдуулан Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико, Японы Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ошима Тадамори, Японы Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын парламентын бүлгийн дарга Хаяаши Мото, Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиро нараас баяр хүргэж, мэндчилгээ ирүүлснийг уламжлав.

Дашрамд тэмдэглэхэд, “Мандах наран”одон (旭日章, Kyokujitsu-shō) нь Мэйжигийн Эзэн Хааны үед 1875 онд бий болсон. Уг одонгоор олон улсын харилцааг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, түүнчлэн ард иргэд, олон нийтийн тусын тулд салбар тус бүрээр онцгой амжилт гаргасан иргэдийг хавар, намар буюу жилд 2 удаа шагнадаг. “Мандах наран” одонг 1981 оноос хойш гадаад улсын иргэдэд олгож эхэлсэн бөгөөд тус одон нь 6 зэрэглэлтэй.

2021 оны хаврын “Мандах наран” одонгоор нийт 117 гадаад иргэн шагнуулснаас “Мандах наран” одонгийн дээд зэрэглэл буюу “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор Австралийн Ерөнхий сайд асан Ж.Гиллард, Европын Холбооны Ерөнхийлөгч асан Д.Туск, Йорданы Ерөнхий сайд асан Хани Аль Мүки зэрэг гадаад улсын нийт 7 иргэнийг шагнажээ.

Монгол Улсаас “Мандах наран” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор Ерөнхий сайд асан Д.Содном шагнуулж байсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх