Монгол Улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын гэрчилгээ эзэмшигч 16 дахь аж ахуйн нэгжээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэрлэгдлээ. Уул уурхайн салбартаа анхдагч болсон уг гэрчилгээг “SFCS” ХХК-ийн аудиторууд хуулийн хүрээнд батламжилж, энэ сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөд гардуулан өгсөн юм. Үйлдвэрийн газрын хэмжээнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлсэн энэхүү гэрчилгээ нь OHSAS 18001 стандартыг орлох, шинэчилсэн стандарт болохыг уулзалтын үеэр “SFCS” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тунгалаг хэлж байлаа. MNS ISO 45001:2018 стандарт нь үйлдвэрлэлийн осол, өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй, эрүүл ажиллах орчинг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой. Байгуулагдсан цагаасаа үнэт баялаг болсон уурхайчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, аюулгүй ажиллагааг алхам тутамдаа сайжруулж ирсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн менежмент, оновчтой тогтолцоо, шилдэг туршлага, соёлыг нэвтрүүлж, vision zero буюу ослыг тэглэх Олон Улсын хөдөлгөөнд нэгдэж байна.
И.ЧИНТОГТОХ