ПЭТ компьютертомографи оношилгоог эх орондоо хийлгэх боломжтой болов

2021 оны 08-р сарын 26 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
RpFNbaQKSIgZYylW3pGR

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахтай эхлээд танилцсан юм.

Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төслөөр, НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл”-ийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, ийнхүү өнөөдөр ашиглалтад оруулж байгаа юм.

Энэхүү өргөтгөл нийт 1,686 м2 талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай, өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ.

Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, вакцины нөөцийг зохистой бүх хэмүүдэд (+2-+8, -15-25, -70-80) стандартын дагуу хадгалах шинэ дэвшилтэт технологуудыг суурилуулсан байна.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөллөөс гадна Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл зэрэг албаныхан оролцлоо.

ПЭТ компьютертомографи оношилгоог эх орондоо хийлгэх боломжтой болов

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цөмийн оношилгоо, эмчилгээний ач холбогдол өссөөр байгаа энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн анагаах ухааны шилдэг технологи нэвтэрч байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ПЭТ компьютертомографи оношилгоог Монгол Улсад шинээр хийж эхлэхээр боллоо. Монгол Улсын хүн амын дунд зүрх судас, хорт хавдрын шалтгаантай өвчлөл, нас баралт тэргүүлэх байрыг эзэлж байна. Энэ оношилгоо эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой” гэлээ. Мөн ПЭТ компьютертомографи оношилгоо болон цацраг идэвхт эмийн үйлдвэр байгуулахад хүчин чармайлт, хичээл зүтгэл гарган ажилласан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч, мэргэжилтнүүд төдийгүй Бүгд Найрамдах Солонгос Улсын түншүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр талархал илэрхийлэв.

Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор гадаад улсад энэ төрлийн оношилгоонд орохоор явдаг манай иргэдийн урсгалыг арилгаж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулахад бодитой үр дүн үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв. Монгол Улсын иргэд гадаад улс онуудад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гадаад улсад ПЭТ компьютертомографи оношилгоо хийлгэхэд зарцуулдаг нийт зардлыг манай улсад хийж эхэлснээр энэ оношилгоонд гарах зардалтай харьцуулахад 2-5 дахин буурах юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг аппаратыг ажиллуулах болон оношилгоонд шаардлагатай цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл дээр ажиллах 10 эмч, эм зүйч, инженер, химич, техникчийг багаар нь БНСУ-д сургаж, бэлтгэжээ.

Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа билээ. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх