Олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Амархүүгээс тодрууллаа.
-Олон нийтийн цахим сүлжээнд “Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч 5,8 сая төгрөгөөр генерал хувцас хийлгэжээ” гэх мэдээлэл цацагдаад байна. Цэргийн дээд цолтой офицер алба хаагчийн дүрэмт хувцас ийм өндөр өртөгтэй байдаг юм уу?
-Сайн байна уу. Монгол Улсын Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын алба хаагч нар батлагдсан дүрэм, журмын дагуу дүрэмт хувцас, цол хэрэглэдэг. Энэхүү хувцас, чимэг хэрэгсэл нь өвөл, зуны, хавар намрын гэсэн улирлын онцлогт тохирсон төрөл, зүйлтэй байдаг.
Цагдаагийн алба хаагчдын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, Цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам”-д зааснаар ёслол амралтын, албаны, хээрийн хувцас, зуны болон өвлийн, гутал, малгай, цув, ялгах тэмдэг зэрэг олон нэр төрлийн хувцас хэрэглэлийг журамд заасан хугацаанд эдэлж хэрэглэдэг.
Харин цагдаа, дотоодын цэргийн алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол буюу генерал цол олгогдсон тохиолдолд урьд хэрэглэж байсан дүрэмт хувцас, ялгах тэмдгийг эдэлж хэрэглэх хугацаа дуусгавар болж, дээд цолтой цэргийн алба хаагчийн дүрэмт хувцсыг иж бүрэн өмсөж хэрэглэх зохицуулалттай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигаар “Цэргийн дээд цолтой офицер алба хаагчийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар, нэр төрөл”-ийг баталсан байдаг.
Энэ онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч болон Дотоодын цэргийн штабын дарга нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “генерал” цол хүртсэн.
Генерал цол хүртсэн алба хаагчийн албаны дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг цэргийн алба хаагчийн дүрэмт хувцасны оюуны өмчийн эрхийг эзэмшдэг “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газраар үйлдвэрлүүлж, холбогдох тооцоог хийсэн.
-Алба хаагч хангалтаар олгосон албаны дүрэмт хувцсыг хэдэн жил өмсөж, хэрэглэдэг вэ?
-Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, хэрэгсэл нь зуны, өвлийн, дан болон гадуур хувцасны зэрэг дотроо ялгаатай байдаг. Анх цагдаа, дотоодын цэргийн байгууллагад орж буй нэг алба хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгт дунджаар 3,6 сая төгрөг зарцуулагддаг бөгөөд хувцасны эдлэх хугацаа 2-5 жилийн хугацаатай байдаг юм. Жишээлбэл: Гудамж, талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа, хөдөлгөөн зохицуулахаар зам дээр ажиллаж байгаа алба хаагчдын хээрийн хувцас бусад алба хаагчдаас богино буюу 2 жил, бусад чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нарт хээрийн хувцас 4 жил, албаны хувцас 3-5 жилд нэг удаа олгодог.
-Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу орлого, зарлагын гүйлгээг иргэд, олон нийтэд ил тод мэдээлэх зохицуулалтыг хэрхэн хангаж байна вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс тухай бүрт шилэн дансанд мэдээ, мэдээлэл байршуулж, баяжилтыг хийж байна. Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журмын 2.2.1.13-д зааснаар цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ, зарлагын гүйлгээ бүр, холбогдох шийдвэрийн хуулбарын хамт олон нийтэд ил тод мэдээлэх зохицуулалтын дагуу генерал хувцасны үнэд шилжүүлсэн 5,8 сая төгрөгийг гүйлгээг цахим хуудаст байршуулсан.
Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн ёслол амралтын хувцсыг 5,8 сая төгрөгөөр хийлгэсэн мэт нэг талыг барьсан ташаа мэдээлэл нийтэлж байна. Угтаа бол дээр дурдсан олон нэр төрлийн хувцас, хэрэгслийн төлбөр тооцоог хийсэн. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд албаны эх сурвалжаас тодруулга авч мэдээллээ бүрэн судалж, олон нийтэд мэдээлэл хүргэх нь зүйтэй юм.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.