Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган энэ сарын 25-нд цахимаар болно

2021 оны 08-р сарын 23 өдөр, 12 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
240531203_5972389926165732_106521155520406083_n
Манай улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуус эзэлдэг.
Манай улсад 1921 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монголын залуучуудын анхны байгууллагыг “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулснаас улбаалан энэ өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Мөн Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн залуучуудын өдөр” хэмээж, асуудал хөндсөн уриа дэвшүүлж шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд хандуулдаг. Энэ жилийн уриаг “Хүнсний эрүүл, аюулгүй байдал: Залуучуудын оролцоо, инноваци” хэмээж, нийгмийн хөгжил, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад залуучуудын санаачилга, оролцоо чухал болохыг онцоллоо.
Манай улсад дэлхийн болон Монголын залуучуудын өдрийг тэмдэглэхтэй уялдуулан Залуучуудын хөгжлийн сарын аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд, олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйг онцолж байна.
Сарын аяны онцлог арга хэмжээний нэг болох Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг 8 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулна.
Чуулганаар залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, сайн дурын ажил, эрүүл аюулгүй хөгжих, орчныг бүрдүүлэх, орон сууцаар хангах зэрэг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон талт арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, сорил, бэрхшээлийн тухай хэрэгжүүлэгч талуудын илтгэл, танилцуулгыг сонсож, залуучууд, олон нийт нээлттэй хэлэлцэх юм.
Чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл зохион байгуулж, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан дэмжин оролцож байна.
Залуучууд, олон нийт та бүхнийг 8 дугаар сарын 25-ны өдрийн 09-17 цагт зохион байгуулагдах энэхүү цахим чуулганд QR код уншуулан оролцохыг урьж байна. Мөн Хөдөлмар, нийгмийн хамгааллын яам болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн фэйсбүүк хаягаар оролцох боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх