Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкийг өнөөдөр Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Соёлын сайд Ч.Номин юун түрүүнд, ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед “Токио-2020” зуны олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан нь Японы ард түмэн ямар их хөдөлмөрч, хариуцлагатай вэ, гэдгийн илрэл гээд Элчин сайдад болон тус улсын ард түмэнд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.
Мөн Япон улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд бүхий л салбарт өргөн хүрээний хамтын ажиллагаатай, тэр дундаа иргэд хоорондын урсгал нь хоёр орны соёлыг улам ойр дотно болгож байгаа хэмээн яриа дэлгэж, салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэд, хэдэн асуудлыг чухалчиллаа.
Тухайлбал, Чингис хааны музейг удахгүй нээх гэж байгаатай холбогдуулан Соёлын яам улс орнуудад байх Монголын хаад, язгууртны түүхэнд холбогдох дурсгалт зүйлсийг хуулбарлан авах асуудлаар идэвхтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд Япон улсаас Хубилай хааны захидал, Юань гүрний дөрвөлжин үсэгтэй тамга, Юань гүрний усан онгоц зэрэг түүхэн дурсгалуудыг хуулбарлан авах ажилд санаа тавихыг ноён Кобаяаши Хироюкээс хүссэн юм.
Салбарын боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар Монгол-Японы харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр мэргэжил дээшлүүлэх, “Музей судлалын гүнзгийрүүлсэн сургалт”-д Монголын соёлын салбарын ажилтнуудыг хамруулах зэрэг ажлыг үргэлжлүүлж, хамрагдах мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Соёлын сайд уламжиллаа.
Түүнчлэн сүүлийн үед Соёлын тухай, Кино урлагийг дэмжих зэрэг томоохон хуулиуд батлагдаж салбарын хууль эрхзүйн орчин таатай болсноор хамтын ажиллагаанд шинэ боломжууд нэмэгдэж байгаа юм.
Ирэх онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болох хүрээнд талууд соёл, урлагийн хамтарсан тоглолт хийх, найрсаг дотно харилцаагаа улам бэхжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.