Зэсийн эрэлт урт хугацаандаа өснө

2021 оны 07-р сарын 20 өдөр, 11 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zes

Дэлхий нийтээрээ ногоон эрчим хүч рүү шилжиж, үүнд зэс чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь түүний эрэлтийг нэмэгдүүлж байна. Зэс нь барилга, харилцаа холбоо, тээвэр, өргөн хэрэглээний эд зүйлс, автомашин зэрэг олон салбарт өргөн хэрэглэгддэг. Тэр дундаа цахилгаан авто машины үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барихад их хэмжээний зэс шаардагддаг. Сүүлийн жилүүдэд цахилгаан авто машины үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж байгаа нь дэлхий нийтээр уламжлалт түлшнээс татгалзах буюу нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулахыг зорьж буйтай холбоотой. Мөн цахилгаан авто машиныг үйлдвэрлэхэд энгийн авто машин үйлдвэрлэхээс 4 дахин их зэс шаардагддаг.

ЗЭСИЙН ХАНШИД ЭРЭЛТЭЭС ИЛҮҮ НИЙЛҮҮЛЭЛТИЙН НӨЛӨӨ ИХ БАЙНА

Өнгөрсөн оны 1-3 дугаар сарын хооронд зэсийн ханш ковидтой холбоотой 25 гаруй хувиар унаж 4,780$/ тонн/ хүрсэн ба түүнээс хойш тасралтгүй өссөөр өнгөрсөн 5-р сард 10724.5$/тонн/ түүхэн дээд ханшдаа хүрсэн. Үүнд улс орнуудын идэвхтэй вакцинжуулалт болон эдийн засгийн сэргэлт, тэр дундаа дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс коронавирусыг маш хурдан хохирол багатай давсан нь нөлөөлсөн юм. Гэхдээ энэ өсөлт ганцхан Хятад улстай холбоотой биш юм. АНУ, Герман, Япон зэрэг улсууд аж үйлдвэрлэлээ их хэмжээгээр дэмжиж байгаа бөгөөд энэ нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден дэд бүтцээ хөгжүүлэх 2 их наяд долларын хөтөлбөрийг баталсан зэрэг нь зэсийн хэтийн төлөвийг сайжруулж байна. Ирээдүйд эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа ч зах зээл дээр нийлүүлэлт хангалттай сайн байх төлөв ажиглагдахгүй байна. Шинээр уурхай олж олборлолт хийхэд хугацаа маш их шаарддаг. Гэсэн хэдий ч Хятад улсад өндөр үнэтэй зэс нь дарамт болж байгаа учраас үнийн дарамтыг бууруулахын тулд импортын хэмжээгээ бууруулж дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах талаараа мэдэгдсэнээр зэсийн үнэ өнгөрсөн 5 дугаар сараас хойш 10 гаруй хувиар унаад байна. Хятад улсын импортын эрэлт буурсан ч тэр хугацаанд бусад орнуудын эрэлт түүнийг нөхөх боломжтой. Мөн Хятад улс тийм урт хугацаанд импортын хязгаарлалт хийж чадах нь эргэлзээтэй. Зэсийн ханшид эрэлтээс илүү нийлүүлэлтийн нөлөө их байна. Зах зээл дээр богино хугацааны Хятадын эрэлттэй холбоотой уналт бий болж болзошгүй ч урт хугацаандаа өсөлт үзүүлэх ба нийлүүлэлтийн хэмжээнээс хамаараад 2021 оны 2 дугаар хагаст зэсийн ханшийг 11,500$-12,000$/тонн/ хүрнэ гэж үзэж байна.

MGL Forex-ийн мэргэжилтэн Л.Лхаасүрэнжав

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх