26 сумаас ирсэн хөнгөн ангиллын хүмүүсийг сум орон нутагт нь эмчилж Ковид-ын орон дээр хүлээн авч байна. Харин хүнд нэн хүнд хүмүүсийг Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгтээ хүлээн авч байгааг Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хэлж байлаа. Тус эмнэлэгт тэтгэвэрт гарсан 8 эмч эмнэлгийн ажилчид сайн дураар ажиллаж байна. Төв аймагт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1-р тунд 93%, 2-р тун 80% хүн хамрагдаад байна. Пфайзер вакцинд 12-17 насны 3991 хүүхэд, жирэмсэн болон 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 2647 иргэнийг вакцинд хамруулжээ. Төв аймгийн эрүүл мэндийн газрын нэн шаардлагатай байгаа рентген аппарат болон компьютер томографыг энэ онд багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн Дэмжих төв байгуулахад Эрүүл мэндийн сайд дэмжиж энэ намарт багтаан шийдэж өгнө хэмээн үгэндээ онцлон тэмдэглэв.
Улаан бүсэд нөхцөл байдал хүнд байв. Тус эмнэлэгт нэн хүнд 4 хүн байсан юм. Аймгийн хэмжээнд нийт 138 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Улаан бүсэд Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайван 5 багийн 18 хүнийг ахлан ажиллаж байлаа. Н.Энхтайван даргын хувьд улаан бүсэд ажиллаж байхдаа өөрөө халдвар авсан ч тэрээр өргөсөн тангарагтаа үнэнчээр улаан бүсэд ажиллаж байна. Түүнийг ажлын хамт олон нь зохион байгуулалт сайтай, маш сайн удирдлага хэмээн онцолж байлаа. Ийнхүү Эрүүл мэндийн сайд С.Энхболд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд ажиллаж хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон эмч эмнэлгийн ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо.