Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд 5-р сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.
Төөрсөн бамбарууш 2-3 сартай, 6 кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзэж байгаа юм.
Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг өнөөдөр ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулж байна.
Ингэхдээ сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавина. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглах юм.