“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баярмөнх, дэд захирал Б.Мөнхтөр болон холбогдох албаны хүмүүс өнгөрөгч амралтын өдрүүдэд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах “Салхитын алт-мөнгөний уурхай”-д ажиллалаа.
Энэ үеэр, 2021 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа баяжуулах хоёрдугаар үйлдвэрийн ажилтай танилцлаа. Тус үйлдвэр нь 24 цагаар ажиллаж, жилийн 600000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 100-150 ажлын байр нэмэгдэх боломжтой. Одоогоор, Баяжуулах үйлдвэрийн бетон цутгалтын ажил 95 хувьтай, нунтаглан баяжуулах хэсгийн төмөр краказ угсралтын ажил явагдаж байна. Тоног төхөөрөмжийн тухайд 60 хувь нь үйлдвэр дээр ирсэн бол үлдсэн нь ковидийн нөхцөл байдалтай холбоотойгоор хил дээр гацсан байдалтай байна гэдгийг Технологийн ахлах инженер Г.Ганзориг онцоллоо.
Мөн Салхит төслийн геологи хайгуулын ахлах геологич Г.Батбуян, Салхитын алт-мөнгөний үндсэн ордод 2021 онд гүйцэтгэж байгаа хайгуулын болон хээрийн судалгааны ажлаа танилцуулав. Тэрбээр, 2021 оны эрэл хайгуулын үе шатанд өмнө нт тогтоогдсон мөнгө-алтны хүдэр дэх аномалиудыг ордын зүүн хэсэгт мөрдөн тогтоох, шалгах, анхдагч хүдрийн шинж тэмдгүүд болон шинээр хүдэржилт гажлыг илрүүлэх үүднээс “салхит” одын зүүн нэртэй эрлийн талбайд голлон төвлөрүүлж, хүдрийн биетийн хэлбэр хэмжээг харгалзан 100×50 метрээс 25×20 метр хүртэл торыг нягтруулан 600-650 налуутай, 93-906 метр хүртэл гүнтэй, хайгуулын 19 шугам 75 цооног нийт 12992.6 т.м өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Хайгуулын өрөмдлөгийн торлолыг өмнөх судлаачдын арга аргачлал дээр тулгуурлан, хүдрийн биетийн байрших хэлбэрт үндэслэн хайгуулын торлолыг 100×50 болон 50×25 метр байхаар сонгосон. 2021 онд “Салхит”-ын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын өрөмдлөгийн ажлыг БНХАУ-д үйлдвэрлэсэн CSD-1800 Солонгос улсад үйлдвэрлэсэн 9000 зэрэг орчин үеийн өрөмдлөгийн суурь машин ашиглан мэргэжлийн компаниудаар гэрээлэн гүйцэтгүүлж байна. 2021 оны хайгуулын ажлын явцад одоогийн байдлаар нийт 12992,6 т.н өрөмдөж, 4515 ширхэг дээжийг “ХанЛаб” лабораторид “ICP”-33 элементийг тодорхойлуулахаар явуулсан. Үүнээс 686 ширхэг дээжний хариу ирээд байна” гэлээ.
Харин дараа нь Уурхайн дэргэдэх Химийн шинжилгээний “SLKHIT MINE SITE LABORATORY”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр, Лаборатори, чанар хяналтын менежер Г.Өнөрмаа, “Салхит уурхайн химийн шинжилгээний лаборатори 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол улсад анх удаа мөнгөний хүдрийг боловсруулан гаргаж буй мөнгөний баяжмалын чанар агуулгыг тодорхойлон, уурхайн хэмжээнд хүдэр, баяжмал, хаягдлын химийн найрлага чанар агуулгыг хариуцан ажиллаж эхэлсэн. MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу лабораторийн байгууламж, ажлын байрны орчин нөхцөлийг бүрдүүлж, шинжилгээний үр дүнгийн үнэн бодит байдлыг ханган, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай явагдаж байна. Мөнгөний баяжмалд мөнгө, алт, чийг тодорхойлох шинжилгээг MNS 5373:2004, MNS 5465:2005, ISO 10378:2016, ISO 10251:2006 олон улсын болон үндэсний арга аргачлалын дагуу гүйцэтгэж байна” гэлээ.