Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр “Миний бие өнгөрөгч долоо хоногт шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмч, сувилагч нарынхаа хяналтад эмчилгээ хийлгэж байна.
Одоогийн байдлаар халдварын шинж тэмдэг болох бие сульдаж, толгой эргэх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа хэдий ч 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна.
Миний хувьд Хятадын Синофарм үйлдвэрийн веросэлл вакцины 2 дахь тундаа дөрөвдүгээр сарын 20-нд хамрагдсан бөгөөд эмч, сувилагч нарын хэлж буйгаар вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдварыг хөнгөн байдлаар тусаж, эдгэрч байгааг онцолж байна.
Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын #НЭН_ШААРДЛАГАТАЙ_САНХҮҮЖИЛТ-ийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс Вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно. Мөн өнөөдрөөс /2021.06.28/ 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна.
Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ мөн цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж буй хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутган, дархлаагаа дэмжиж, хүн хоорондын зайгаа барьж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвөлгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин УРИАЛЖ байна” гэсэн юм.