Байт харвааны Олон улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг “Токио 2020” зуны олимпийн наадмын эрхээ Парис хотноо авч чадлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 42 тамирчин Токиогийн олимпын наадмыг зорихоор болоод байна. Б.Урантунгалаг өмнө нь “Лондон-2012” олимпын наадамд цэц мэргээ сорьж байсан бөгөөд ийнхүү 2 дахь олимпдоо оролцох эрхээ Францаас өвөртөллөө.
Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Швейцарийн Лозанн хотноо болох Дэлхийн цомд оролцохоор 5 дугаар сард эх орноосоо мордсон юм. Монголын баг тамирчид 5 дугаар сарын 17-23-нд Лозанн хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах 2 дахь цуврал тэмцээн болон 6 дугаар сарын 18-27-нд Франц улсын Парис хотноо зохион байгуулах “Токио-2020” олимпын наадмын сүүлийн эрх олгох тэмцээн, мөн Дэлхийн цомын 3 дахь цуврал тэмцээнд тус тус оролцох хуваарьтай байсан.
Тэд тавдугаар сарын 25-наас 6 дугаар сарын 16-нд Казахстан улсын олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийсэн юм байна.
Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ж Гантөгс, ОУХМ Б.Отгонболд, СМ Д.Дашнамжил, ОУХМ Б.Урантунгалаг нар багтсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар Ю.Ганзориг, дасгалжуулагчаар Ч.Мөнхцэцэг нар удирдаж тэмцээнд оролцож байгаа билээ.