Н.ЛХАМЦОО: Манай төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, МЭС ЗАСЛЫН тусламж үйлчилгээ шинэ шатанд хөгжих нөхцөл бүрдлээ

2021 оны 06-р сарын 17 өдөр, 12 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
elky9

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв нь манай улсын ганц лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг  үзүүлдэг төвлөрсөн эмчилгээ, мэс засал, сургалтын төв юм. Энэ жил Монгол улсад Мэдрэлийн мэс заслын тасаг үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой мөн тохиож байна. Өнгөрөгч 05 сарын сүүлээр Монгол улсын Мэдрэл, мэдрэлийн мэс заслынхан дунд  жил бүр зохион байгуулагддаг “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын үндэсний конфренци-2021” амжилттай болж өндөрлөлөө. Энэ талаар тодруулахаар УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга, анагаах ухааны доктор Н.Лхамцоотой ярилцлаа.

Сайн байна уу. Тавдугаар сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын үндэсний конфренци-2021”-ийн онцлог юу байсан бэ?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жилийн хувьд Коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан манай салбарынхан анх удаа цахимаар хоёр өдрийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Тус хуралд Лавлагаа шатлалын эмнэлэг, бүсийн оношилгооны төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн Тархи нугасны гэмтлийн мэс  заслын тасгийнхан, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэдрэл судлалын тасаг, АШУИС-ийн Мэдрэл судлалын тэнхим, Анагаах ухааны хүрээлэнгийн дэргэдэх Мэдрэлийн секторын хамт олон, Сэргээн засах төвийнхөн гэх Монгол улсад мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэгч бүх нэгжүүд оролцсон.

Хуралд нийт 260 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачид оролцож манай салбарт тулгарч буй  сүүлийн үеийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар, Ковид-19 цар тахалтай холбоотой мэдрэлийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг хэлэлцсэнээс гадна сүүлийн хоёр жилд мэдрэл судлалын салбарт хийгдэж байгаа судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хэлэлцсэн чуулга уулзалт боллоо.

Чуулга уулзалт бүр салбарт шинэчлэлийг авчрах зорилгыг агуулж байдаг. Энэ жилийн хувьд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

Энэ удаагийн “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын үндэсний конфренци-2021”-ээр үндсэн гурван том ажлууд яригдаж шийдэлд хүрлээ.

Нэгдүгээрт, тархи, нугасны шингэн дэх  молекул биологийн, эсийн, биохимийн нарийн шинжилгээ хийх Ликвор лабораторийг Монгол улсад  байгуулах төслийг бичих ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэ төрлийн шинжилгээ нь иргэдийн хамгийн их мэддэгээр менингит өвчний оношилгооны гол шинжилгээ болохоос гадна бусад олон төрлийн мэдрэлийн эмгэгүүдийн оношилгоонд нэн шаардлагатай байдаг.

Хоёрдугаарт, Ковид-19-ын үед амт мэдрэхгүй болох, юм үнэрлэхээ болих, толгой өвдөх, ядарч сульдах, булчин, үеэр өвдөх, зэргээс гадна вакцинтай хамааралтай эсэх нь тодорхойгүй таталтууд  өгөх гэх мэт асуудлууд иргэдийн дунд айдас түгшүүр, тодорхойгүй байдлыг бий болгож байна.  Эдгээр асуудлыг тодруулах зорилгоор Ковид-19 -ын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх эмнэлгүүд дээр мэдрэлийн салбарынхан хамтарч судалгаа хийж ард иргэддээ зориулан зөвлөмж боловсруулах ажлыг ойрын гурван сардаа багтаан хийхээр болж судалгааны ажлаа эхлүүлээд байна.

Гуравдугаарт, тархины харвалтын үеийн бүртгэлийг орон даяар цахим систем ашиглан бүртгэж эхэллээ. Тархины харвалт нь Монгол улс дах халдварт бус эмгэгүүдээс өвчлөл болон нас баралтаар тэргүүлэгч зүрх судасны эмгэгийн хамгийн хүнд зэргийн хүндрэлд тооцогддог. Мэдрэлийн эмгэгүүд дундаас хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралт өндөр бүхий тархины харвалт нь нэлээн түгээмэл бөгөөд урьд өмнө нь тодорхой  эмнэлгүүдэд л  бүртгэл хийгддэг байсан юм. Улсын хэмжээнд тархины харвалтын бүртгэлийг хамгийн сүүлд бараг 20 жилийн өмнө хийсэн байдаг. Харвалтын бүртгэлийг улсын хэмжээнд хийх нь маш ач холбогдолтой. Тухайлбал харвалтын аль хэлбэр давамгайлан тохиолдож байгаа, ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа, ямар насны хүмүүс өвчлөөд байгаа, бид хэрхэн урьдчилан сэргийлэх бололцоотой вэ гэсэн дараагийн бодлогын болон эмнэлзүйн суурь ойлголтуудад хариулт өгөх тогтолцоог нэвтрүүлэх юм.

Харвалтын үед өвчтөнийг хэзээ хэрхэн тээвэрлэх, хөдөлгөж болох эсэх нь нөхцөл байдал бүрт өөр өөр байдаг. Үүний шалтгаан нь юу вэ?

Энэ бол оношилгооны төхөөрөмж улс орон даяар дутагдалтай байгаатай шууд холбоотой.

Харвалтын үеийн хамгийн эхний онош тодруулахад Компьютерт томографийн шинжилгээ хийгдэх шаардлагатай бөгөөд улсын хэмжээнд нийт аймгийн 40 хувь, дүүргүүдийн маань 50 хувь нь л хангагдсан байгаагаас таны дурдсан тодорхойгүй  асуудлууд үүсч байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний дээр дурдсан энэ удаагийн чуулга уулзалтын гуравдугаар томоохон үр дүн болох цахим бүртгэлийн систем болон зайн зөвлөгөө өгөх онлайн платформыг ашиглалтанд оруулж байна. Уг платформыг ашигласнаар эмч нар шатлал ахиулан эмчийн зөвлөгөөг авч, эмчилгээ хийх боломж бүрдэх юм. Жишээ нь сумын эмч аймгийн эмчтэй холбогдож, аймгийн эмч гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нартай шууд онлайнаар холбогдож шаардлагатай зөвлөгөөг авахын хамт харвалт давхар бүртгэгдэх боломжтой болно.

Arslan.mn

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр танай төвд 23 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэж  байгаа. Энэ төслийн явц хэр байна вэ?

Ковид-19 цар тахал дотоодод тархахаас өмнө манай багийнхны нөр их хөдөлмөрөөр хийгдсэн судалгаан дээр суурилагдсан тоног төхөөрөмжийн захиалгын санхүүжилт Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр шийдэгдсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар бидний төлөвлөсөн тоног төхөөрөмжийн 80 хувь нь орж ирсэн байгаа бөгөөд ирэх хоёр сард үлдсэн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах болно.

Эхний дөрвөн сард орж ирсэн тоног төхөөрөмжүүдээс дурангийн аппаратыг ашиглаж эхэлсэн. Энэ аппаратыг ашигласнаар гавлын хөндийг эвдэж оролгүйгээр хамрын хөндий, амны хөндийгөөр тархины суурийн хавдрууд, тэнд үүссэн эмгэгүүдийн оношилгоо эмчилгээг хийх бололцоотой болсон.

Үүнээс гадна хамгийн сүүлийн үеийн навигацийн системийг  хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Энэ нь манай улсын тархины мэс засалд үсрэнгүй дэвшлийг бий болгоно.  Тархины мэс заслын онцлог нь гавлын дотор бага нээлтээр битүү орчинд ажилладаг тул  тархины өвчилсөн хэсгийг яг онож очихгүй бол маш амархан гэмтдэг онцлогтой. Улмаар мэс заслын үр дүн улам сайжирна гэсэн үг юм.

Мөн уг системийн тусламжтайгаар тархины үйл ажиллагааны эмгэгүүд тухайлбал уналт, таталт, хөдөлгөөний эмгэгийн үеийн мэс заслыг хийх үйл ажиллагааны мэдрэлийн мэс заслын дэд салбарын суурь тавигдах болно.

Мэдрэлийн тасагт мөн оношилгооны тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж ойрын 2 сардаа мэдрэл, булчингийн бичлэг, харааны, сонсголын дуудлагат потенциал зэрэг хамгийн сүүлийн үеийн оношилгоонууд хэрэглээнд нэвтрүүлэх болно.

Arslan.mn

Төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл бүрэн хийгдсэнээр мэс заслын тусламж үйлчилгээний нэр төрөл хэдээр нэмэгдэх вэ?

Уналт таталт, паркинсоны өвчин зэрэг хөдөлгөөний эмгэгийн мэс заслууд, тархины суурь үүнд баганан хэсгийн хавдрууд, харвалтын үеийн зэрэг цөөнгүй мэс заслын төрлүүдийг шинээр нэвтрүүлэх боломжтой.

Эдгээр өдрүүдэд дэлхийн “Тархмал хатуурлын өдөр” тохиож байна. Эдгээр өдрүүдэд ямар ажлуудыг хийж байна вэ?

Тархмал хатуурал нь маш ноцтой өвчин бөгөөд хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг, архаг, угжрах явцтай эмгэг юм.

Энэ нь тухайн хүний дархлааны тогтолцоо гажуудсанаас болж эрүүл эсээ устгадаг өвөрмөц өвчин. Ердийн үед аливаа өвчин тусахад тухайн өвчнийг үүсгэж байгаа вирусийн эсрэг тэмцэл бий болдог бол тархмал хатуурал нь  шалгаан тодорхойгүйгээр эрүүл мэдрэлийн эсийг гэмтээдэг эмгэг юм. Энэ эмгэг маань мэдрэлийн эмгэг дундаа ховор юм шиг боловч дахин дахин сэдэрдэг, угжрах хандлагатай ноцтой өвчин байдгаараа онцлог. Энэ өвчний үеийн оношилгоо манай улсын хувьд нилээд боломжийн хэмжээнд хөгжсөн боловч эмчилгээнд хэрэглэгдэх гажуудсан дархлааны тогтолцоог зүгшрүүлдэг, намжаадаг сүүлийн үеийн эмүүд манай улсад орж ирээгүй байна. Эдгээр эмүүд гадаадад ч мөн өндөр өртөгтэй байдаг. Иймээс энэ эмийг Монголд оруулж ирэх, мөн өвчтөнүүддээ сэтгэлийн дэм үзүүлж эмч нар нь та бүхэнтэйгээ хамтдаа эмчилгээний аргуудыг судалж, хамтдаа энэ өвчний сүүлийн үеийн эмийг эмчилгээнд Монгол улсад нэвтрүүлье  гэсэн мессэж өгөх зорилготойгоор ард иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийж байна.

Эмч нарын маань хувьд  дэлхийн бусад улсад өвчтөнүүд нь эмчилгээ авч болоод байхад яагаад бид нар авч чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр үргэлж санаа зовж байдаг. Үүн дээр дан ганц эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд санаа тавихаас илүүтэйгээр зайлшгүй өвчтөний дуу хоолой нэн шаардлагатай. Иймээс эмч, өвчтөнүүд хамтран ажиллаж дуу хоолойгоо нийгэмд хүргэснээр энэ эмчилгээг Монголдоо оруулж ирэх боломж бүрдэх юм.

Монгол улс дах тархмал хатуурлын оношилгоо эмчилгээний талаар сүүлийн үеийн мэдээллийг өгнө үү?

Д.Шүрэн нарын 2011 онд хийсэн судалгаагаар Монголд улсад бүртгэгдсэн тархмал хатуурлын 5 жилийн (2003-2007) өвчлөлийн түвшин улсын хэмжээнд 100000-д 7.0 байж эм, эр хүйсний харьцаа 2:1 байсан байна. Энэ өвчний үед мэдрэлийн аль ч эс дээр үүсч болдог тул олон янзаар хүний биед илэрдэг.

Жишээ нь юм харахаа болино, саажилт өгнө, аль нэг мөч болон биеийн хэсгүүд мэдээгүй болно, сонсголгүй болно, унаж татна, сэтгэцийн өөрчлөлтүүд өгдөг гэх мэт.

Мөн энэ өвчнөөр өвчилсөн өвчтөн нь ихэвчлэн хөдөлмөрийн чадвараа алдаж, хүний асаргаанд ордог. Оношилгооны хувьд өртөг өндөртэй. Хамгийн наад зах нь л гэхэд тархи, нугасны MRI хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд нэг удаагийн шинжилгээ нь хагас сая төгрөг орчим болдог. Эмийн эмчилгээ нь өртөг өндөр, дээрээс нь эмийн гаж нөлөө өндөртэй. Дээрээс нь нэг удаа л оношлуулаад болчихгүй даамжрах, угжрах, дахих хандлагатай байдаг нь маш хэцүү. Энэ өвчнөөр эмэгтэйчүүд голдуу өвддөг бөгөөд сүүлийн үед залуу охид их өвчилж байгаа нь харамсалтай байна.

Arslan.mn

Та бидэнд УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвөө танилцуулна уу?

УГТЭ нь 2010 оноос хойш Мэдрэл, мэдрэлийн мэс заслын лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг орон даяар үзүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны 12-р сараас Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв болж өргөжсөн.

 Манай төв нь 98 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамгийн сүүлд судсан доторх оношилгоо эмчилгээний төв нэгдэж, өргөн бүрэлдэхүүнээр ард иргэддээ үйлчилгээ үзүүлж байна.

Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв нь жилдээ 26,000 гаруй хүнд амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Манай төвийн Мэдрэлийн мэс заслын тасаг маань энэ жил байгуулагдаад 55 жил болж байна. Энэ тасаг маань Монгол улсын ууган бөгөөд цор ганц мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг цогцоор  үзүүлэгч тасаг юм.

Мэдрэлийн тасаг маань 2 жилийн дараа 60 жилийн ойтойгоо золгоно. Мөн манай төвийн нэг том хэсэг бол Харвалтын тасаг бөгөөд манай улсад 2010-2013 онуудад хэрэгжсэн Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үүсгэн байгуулагдсан Монгол улсдаа цор ганц 20 ортой тасаг бөгөөд зөвхөн тархины харвалтын тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Судсан доторх оношилгоо, эмчилгээ анхлан манай төвд хийгдсэн бөгөөд бид өнөөдөр жилд 1400-аад өвчтөнд тусламж үйлчилгээгээ үзүүлж байна.

Түүнчлэн Мэдрэлийн мэс заслын тасаг нь жилдээ 2200 орчим мэс засал хийдэг бол Харвалтын тасаг 20 орон дээрээ 1400 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Мэдрэл судлалын тасаг нь 3000 орчим иргэнд хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлж байна.

-Ярилцсан танд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх